
Японы нийслэл Токио хотын Уэно амьтны хүрээлэнд төрж өссөн 4 настай Сяо Сяо, Лэй Лэй хулсны ихэр баавгайнууд өнгөрсөн мягмар гарагт Нарита нисэх онгоцны буудлаас тусгай нислэгээр хөөрч, эх орон руугаа буцжээ.
Өнгөрсөн ням гарагт хулсны ихэр баавгайнуудыг Уэно амьтны хүрээлэнд харж болох сүүлийн өдөр байсан ба үүнтэй холбоотойгоор тус амьтны хүрээлэнгийн тасалбарын захиалгын тоо 100 мянгыг давсан ч 4400 нь л тасалбар авч чадсан байна.
Сяо Сяо, Лэй Лэй хоёр 2021 онд Токиогийн Уэно амьтны хүрээлэнд төрсөн хэдий ч албан ёсоор БНХАУ-ын өмч юм. 1949 оноос хойш Бээжин дипломат харилцааны хүрээнд нөхөрсөг харилцаатай улс орнууддаа хулсны баавгай бэлэглэдэг уламжлалыг бий болгосон юм. Гэрээнд заасанчлан Бээжингийн бэлэглэсэн хулсны баавгай нь Хятадын өмч гэж явах ба Бээжин хүссэн үедээ хулсны баавгайгаа буцаан авах эрхтэй юм. Түүнээс гадна Хятадаас хулсны баавгай бэлгэнд авсан орнууд нь жил бүр Бээжинд 1 сая орчим ам.долларын хураамж төлдөг аж.
Сяо Сяо, Лэй Лэй хоёр нутаг буцсанаар Япон улс 1972 оноос хойш анх удаа хулсны баавгайгүй хоцорч байгаа ба Японы засгийн газар Хятадын эрх баригчдаас Сяо Сяо, Лэй Лэй хоёрын оронд өөр хулсны баавгайнууд илгээхийг хүссэн ч Бээжин одоохондоо тийм төлөвлөгөө байхгүй гэдгээ илэрхийлжээ.
Японы Ерөнхий сайд Санаи Такаичи өнгөрсөн 11-р сард парламентын чуулганы үеэр Бээжин Тайвань руу довтолсон тохиолдолд Япон улс зэвсэгт хүчний хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээс хойш хоёр улсын харилцаа хурцадсан билээ.
Хулсны ихэр баавгайнуудыг тээвэрлэсэн ачааны машин мягмар гарагийн өдөр нисэх онгоцны буудал руу хөдөлсөн ба Сяо Сяо, Лэй Лэй нар Хятадын Сычуань мужид буух тусгай нислэгээр эх орон руугаа буцжээ.
Ихрүүдийг Сычуань мужийн Чэнду хотод байрлах аварга хулсны баавгай судлалын төвд хөл хорионд хэсэг хугацаанд байлгах ба шинэ орчиндоо дассаных нь дараа олон нийтийн өмнө гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: NHK News






