
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, тэдгээрийн дэд бүтэц, удирдлага, хяналтын систем, программ хангамжийг бий болгож ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж, илрүүлэх замаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх юм.
Мөн Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг бөгөөд авто замын уулзвар, гарцуудыг теле камержуулж, нэгдсэн удирдлагын төвөөс хяналт тавьснаар замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцох, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүллээ.
Нийслэл Улаанбаатар хотын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлэн сайжруулж байна. Нийт чиг үүргийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, тээврийн хэрэгслийн тоо хэмжээний өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг бууруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системээр удирдах, хянах боломжтой нэгдсэн системийг бий болголоо.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг авто замын түгжрэлийг бууруулахын тулд теле камер, аналитик систем ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, дата мэдээлэл цуглуулж, авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг ухаалгаар удирдаж, замын хөдөлгөөнд зохицуулалт хийх ажлыг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж, тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна.
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс







