
Spice Girls хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Виктория Бэкхем өнгөрсөн даваа гарагт Францын Соёлын сайд Рашида Датигаас Урлаг, уран зохиолын хүлэг баатрын цол гардан авчээ.
Chevalière de l’Ordre des Arts et des Lettres буюу Урлаг, уран зохиолын хүлэг баатрын цол нь Франц улсын засгийн газраас олгодог хамгийн нэр хүндтэй цолуудын нэг бөгөөд тус цолыг Францын төдийгүй олон улсын урлаг соёл, уран зохиолын салбарт чухал хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог аж.
Уг цолыг гардуулах ёслол Парис хотод болсон ба Викторияг дэмжихээр түүний нөхөр Дэвид Бэкхем, ууган хүү Бруклинээс бусад гурван хүүхэд нь ирсэн байжээ.
Түүнээс гадна ёслолд Анна Винтур, Gucci, Yves Saint Laurent, Balenciaga, Bottega Veneta, Creed, Maui Jim, Alexander McQueen зэрэг загварын өргөөнүүдийг эзэмшдэг Kering компанийн ерөнхийлөгч Франсуа Анри Пино, Christian Dior SE компанийн Гүйцэтгэх захирал Антуан Арно, загвар зохион бүтээгч Хайдер Аккерман, загвар өмсөгч Хелена Кристенсен нар оролцсон байна.
Виктория ба Дэвид Бэкхемийн нэрс сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс салахгүй байгаа билээ. Учир нь 2022 онд Америкийн тэрбумтан Нэлсон Пелтцийн охин Никола Пелтцтэй хуримаа хийж, эхнэртэйгээ АНУ-д амьдрах болсон ууган хүү Бруклин нь энэ сарын эхээр өөрийн Instagram хуудсандаа ээж аав нь түүнийг Николатай суулгахыг эсэргүүцэж байсан тухай, гэр бүлийнхэн нь гэргийд нь хүндэтгэлгүй харьцаж байсан тухай нийтэлсэн нь олны анхаарлыг татаж, шуугиан тариад байгаа юм.
Эх сурвалж: vogue.com






