
Нийслэл хотод тогны асуудал үүсэхээр л сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлье гэж хийрхэж эхэлдэг. Начир дээрээ тэр нь хэрэглээнд нэвтэрч гавиад байдаггүй.
Сүүлийн арван жилд Монгол Улс салхи, нарны эрчим хүчний салбарт идэвхтэй хөрөнгө оруулж, 336 МВт суурилагдсан хүчин чадалтай болсон.
Гэвч бодит байдал дээр сэргээгдэх эх үүсвэрийн бүх боломж нэгдсэн сүлжээнд бүрэн шингэж чадалгүй, тодорхой хэмжээний эрчим хүч “асгарч”, хэрэглээнд хүрэлгүй алдагдаж байна.
Энэ зөрчлийн цаана техникийн, эдийн засгийн, бодлогын, системийн хэд хэдэн том шалтгаан бий.
Нэгдсэн сүлжээ хуучирсан, уян хатан биш
Монгол Улсын төвийн эрчим хүчний систем нь 1960–1980-аад онд дулааны цахилгаан станц давамгайлсан, тогтмол чадалд суурилсан бүтэцтэй баригдсан.
Харин сэргээгдэх эрчим хүч тогтворгүй, хэлбэлзэлтэй (нар, салхи) тул уян хатан, хурдан тохируулгатай, хуримтлуулах системтэй сүлжээ шаарддаг.
Гэтэл өнөөгийн сүлжээнд эрчим хүч хуримтлуулах батарейгүй, орчин үеийн диспетчер, автомат тохируулгын систем дутмаг, давхар шугам, нөөц чадал багатай учраас их хэмжээний сэргээгдэх эх үүсвэрийг аюулгүй шингээх боломж хязгаарлагдмал байна.
Эрчим хүч хуримтлуулах технологи сул
Салхи, нар бол байгалийн нөхцлөөс шууд хамааралтай.
Нар — өдөр, цэлмэг үед
Салхи — салхилсан үед
Харин хэрэглээ орой, өглөө оргиллодог.
Гэтэл Монголд:
- Том хүчин чадлын батарейн станц
- Усан хуримтлуурт цахилгаан станц (pumped storage)
- байхгүй тул илүүдэл эрчим хүчийг хадгалах боломж үгүй.
Үүний улмаас эрчим хүчний илүүдэл үүсвэл сүлжээнд оруулахгүй “таслах” буюу асгах арга хэрэглэдэг.
Бодлогын зохицуулалтын зөрчил
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хууль, тариф, Үндэсний хөтөлбөр баталсан ч сүлжээний шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалт удааширсан.
Мөн Эрчим хүчний реформ хагас дутуу, Төрийн өмчит компаниудын шинэчлэл сул байсаар ирсэн.
Сэргээгдэх эх үүсвэрийг барьсан ч шингээх сүлжээ нь хөгжөөгүй зөрчил үүссэн.
Импортын цахилгааны хамаарал ба зах зээлийн гажуудал
Монгол Улс оргил ачааллын үед ОХУ, БНХАУ-аас цахилгаан импортолдог. Импортын цахилгаан нь тогтвортой, тохируулгатай тул диспетчерийн хувьд системийн аюулгүй байдалд амар.
Иймд:
Дотоодын сэргээгдэх эх үүсвэрийг бүрэн ашиглахын оронд мИмпортод илүү түшиглэсэн бүтэц үүсчихээд байгаа юм.
Сүүлийн арван жилд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт мэдэгдэхүйц ахиц гаргаж, эрчим хүчний бүтэц, үйлдвэрлэлийн системд бодит өөрчлөлт авчирч байна. 2014–2025 оны статистик мэдээнээс харвал, салхин, нарны болон усан цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал, үйлдвэрлэл тогтмол өсөж, эрчим хүчний салбарын шинэ тулгуур багана болон төлөвшиж эхэлжээ.
Суурилагдсан хүчин 336 МВт-д хүрэв
2026 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн нийт суурилагдсан хүчин чадал 336.04 МВт-д хүрсэн байна. Үүнээс:
- Салхин цахилгаан станц – 46.1% (155 МВт)
- Нарны цахилгаан станц – 46.1% (155 МВт)
- Усан цахилгаан станц – 7.7% (26.04 МВт)
гэсэн бүтэцтэй байна.
Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний гол хоёр тулгуур чиглэлээ салхи, нарны эх үүсвэрт төвлөрүүлж, уур амьсгал, газарзүйн онцлогт нийцсэн бодлогын сонголт хийж байгааг харуулж байна.
Үйлдвэрлэл: 854 сая кВт.ц – Түүхэн дээд үзүүлэлт
2025 онд сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч 854.1 сая кВт.ц-д хүрсэн нь өмнөх онуудтай харьцуулахад огцом өсөлт юм.
Үүний:
- 59.1% – Салхин станц (504.9 сая кВт.ц)
- 33.4% – Нарны станц (285.2 сая кВт.ц)
- 7.5% – Усан станц (63.9 сая кВт-ийг бүрдүүлжээ.
Харин улсын хэмжээнд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 12.5 тэрбум кВт.ц хүрсэнээс сэргээгдэх эрчим хүч 6.8%-ийг эзэлж байгаа нь бодит ахиц боловч, олон улсын зорилттой харьцуулахад цаашид эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай байна.
2014–2025 онд 6.7 дахин өссөн
2014 онд сэргээгдэх эх үүсвэрийн нийт үйлдвэрлэл ердөө 125 сая кВт.ц байсан бол 2025 онд 854 сая кВт.ц болж, 6.7 дахин өсжээ. Энэ өсөлт нь Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Эрчим хүчний салбарын бодлогын дэмжлэг Ногоон хөгжлийн үзэл баримтлал
зэрэг хүчин зүйлстэй шууд холбоотой.
Ялангуяа салхин цахилгаан станцуудын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдсэн нь Монголын говь, тал хээрийн бүсийн байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж эхэлснийг харуулж байна.
Одоогоор Монгол Улсад:
– 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС
– 19.8 МВт-ын Мянгадын нарны ЦХС
– 100 МВт хүртэл хүчин чадалтай салхи, нар, батарейн хуримтлууртай хосолсон төслүүд зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна.
Эдгээр төслүүд бүрэн ашиглалтад орсноор – Баруун бүсийн эрчим хүчний хамаарал буурна
– Импортын цахилгааны хэрэглээ багасна
– Нүүрсний хэрэглээ, агаарын бохирдол буурна
– Эрчим хүчний аюулгүй байдал бодитоор сайжирна гэсэн стратегийн ач холбогдолтой.
Хэрэв одоогийн өсөлтийн хурдыг хадгалж чадвал, Монгол Улс ойрын 10 жилд Төв Азийн сэргээгдэх эрчим хүчний гол тоглогч болох бүрэн боломжтой аж.






