
“Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ард түмэн, аав ээждээ мэнд дамжуулъя” хэмээн инээмсэглэн ярих энэ залуу бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин, гурван үе дамжсан адуучин Мөнх-Эрдэнийн Одмандах юм.
Тэрбээр энэ жил 700 гаруй адуутайгаар Даага Далангийн нуруунд оторт гарч, хаврын урьтай уралдан малынхаа хөлс, тарга тэвээргийг тааруулж яваа нэгэн. Адуу маллах ухаан, аргад өвөг дээдсийнхээ туршлага, аавынхаа сургамжийг өвлөн өссөн түүний хувьд адуу гэдэг зүгээр нэг мал биш, амьдралынх нь салшгүй нэг хэсэг ажээ.
Одмандах цэргийн албанаас халагдан ирснээсээ хойш тасралтгүй мал маллаж буй. Хот суурингийн амьдралд татагдах боломж түүнд байсан ч хөдөөгийн уудам тал, адуу малын төвөргөөн, өглөөний нар адууны дэлэн дээр тусах агшин түүнийг хамгийн ихээр татан барьдаг гэж тэр ярьсан юм.
“Адуу л байвал би эндээ байна” хэмээн тэр ярина.
Түүний хувийн амьдрал ч мөн адуутай салшгүй холбоотой. Хайртай бүсгүй нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бөгөөд энэ жил М.Одмандах хадмынхаа адууг авч гаран отроор явж буйгаа дурдсан юм. Хот, хөдөөг холбосон энэ харилцаа түүний амьдралд урам өгч, хөдөлмөрийнх нь нэгэн түшиг болж явдгийг тэр нуусангүй.
“Адуу, найз охин хоёртоо л хайртай даа” гэж хошигнон хэлэх залуугийн үгнээс тал нутгийн малчны энгийн атлаа утга төгөлдөр амьдрал, үнэт зүйл тодхон мэдрэгдэх биз ээ.






