
Нэг унц алтны үнэ түүхэндээ анх удаа 5000 ам.долларыг давжээ. Өнгөрсөн онд тус үнэт металлын үнэ 60 гаруй хувиар нэмэгдэж, рекорд тогтоосон билээ.
Алтны үнэ ийнхүү тасралтгүй нэмэгдэж байгаад АНУ, НАТО хоорондын харилцаа хурцадсан явдал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын худалдааны бодлого тодорхой байдлаар нөлөөлсөн нь гарцаагүй юм. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд Ерөнхийлөгч Д.Трамп Оттава Бээжинтэй худалдааны гэрээ хийвэл, Вашингтон Канадын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн гаалийн импортын татвар оногдуулна хэмээн мэдэгдсэн нь иргэд, хөрөнгө оруулагчдыг сандаргаад байгаа билээ.
Өнгөрсөн баасан гарагт мөнгө түүхэндээ анх удаа нэг унц нь 100 ам.долларыг давсан байна. Тус үнэт металлын үнэ 2025 онд 150 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Инфляцын түвшин огцом нэмэгдэх, ам.долларын ханш сулрах, улс орнуудын төв банкнууд үнэт металлуудын нөөцөө нэмэх зэргээс шалтгаалж үнэт металлуудын эрэлт нэмэгддэг хандлагатай. Үүн дээр ОХУ-Украины дайн, Газын зурвасын дайн, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог америкчууд баривчилсан явдал нэмэгдсэнээр алтны үнэ ч дагаад өссөн, хөрөнгө оруулагчид ч алт болон бусад үнэт металлуудыг ихээр худалдан авах нь нэмэгдсэн байна.
Түүнээс гадна алтны нөөц харьцангуй хомс байгаа нь ч тодорхой нөлөө үзүүлснийг шинжээчид онцолж байна. Дэлхийн Алтны Зөвлөлөөс мэдээлснээр дэлхий даяар өнөөдрийн байдлаар нийт 216 265 тонн буюу Олимпын наадмын 3-4 усан санг дүүргэх хэмжээний алт олборлоод байгаа бол АНУ-ын Геологийн судалгааны албаны тооцоогоор одоо байгаа ордуудаас дахин 64 000 тонн алт олборлох боломжтой байгаа аж.
Эх сурвалж: bbc.com






