
Эслэг ихтэй хүнс хэрэглэх нь эрүүл мэндийг сайжруулах, наслалтыг уртасгах, тархийг хамгаалах зэрэг олон талын ашигтай ч энэхүү амин чухал шим тэжээлийг иргэд орхигдуулах нь элбэг билээ.
Бүхэл үрийн гурил, жимс, буурцаг, самар, үр зэргийг хоол хүнсэндээ хэрэглэх нь бидний бие махбод, тэр дундаа тархинд асар том нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогджээ.
Эслэг ихтэй хүнс нь хүний биеийн хэвийн бичил биетнүүдэд асар их цэнэг өгснөөр тархи гэдэсний холбоост нөлөөлж оюун ухааны чадамж буурах явдлыг удаашруулдаг байна.
Абердины их сургуулийн Роуитт Институтын хоол боловсруулах эрхтний микробиологийн профессор Карен Скоттын хэлснээр тархины эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол хоол хүнсэндээ эслэг ихтэй хүнс хэрэглэх явдал аж.
Зөвхөн АНУ-д гэхэд эрчүүдийн 97 хувь, эмэгтэйчүүдийн 90 хувь нь хоол хүнснээсээ хангалттай эслэг авдаггүй гэж гарчээ.
Эслэг нь гэдэсний ферментүүдийн нөлөөгөөр задардаггүй нүүр ус юм. Эслэгийг боловсруулах үйл явцын үр дүнд цадсан мэдрэмж удаан хадгалагдах ба цусан дахь сахарын хэмжээ ч огцом бус аажмаар нэмэгддэг аж. Өдөр тутамдаа бүхэл үр, тариагаар хийсэн хүнс иддэг хүмүүсийн биеийн жингийн индекс болон хэвлийн өөх нь хэт боловсруулсан хүнс хэрэглэдэг хүмүүсийнхээс бага байдаг нь ч олон тооны судалгаагаар нотлогдсон билээ.
Өдөрт 30 гр эслэг хэрэглэх нь зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, 2-р хэлбэрийн чихрийн шижин, бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх эрсдлийг бууруулах давуу талтай аж.

Гэдэсний бичил биетнүүд эслэгийг боловсруулах явцад богино холболт бүхий өөх тосны хүчлүүд болох ацетат, пропионат болон бутират зэрэг чухал бодисууд ялгардаг ба тэдгээр нь хүний биеийн эсүүдийг эрчим хүчээр хангадаг аж. Тэдгээр бодисуудын нэг болох бутират хүчил нь гэдэсний салст бүрхэвчийг хамгаалж, цусанд хортой бодис нэвтэрч, тархинд нөлөөлөхөөс сэргийлдэг байна.
Түүнчлэн бутират нь сэтгэл гутрал, нойргүйдэл зэрэгт эергээр нөлөөлж, ой санамжийг сайжруулж, сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж.Профессор Карен Скоттын баг Альцхаймертай өвчтнүүдийн өтгөнд хийсэн шинжилгээгээр тэдгээр өвчтнүүдийн өтгөнд үрэвсэл үүсгэдэг бичил биетүүдийн хэмжээ өндөр, харин өөх тосны бутират хүчил болон тус хүчлийг үүсгэдэг бичил биетнүүдийн хэмжээ бага байсныг олж тогтоосон нь Альцхаймертай өвчтнүүд хангалттай хэмжээний эслэг хэрэглэдэггүй болохыг харуулжээ.
Эслэгийг маш олон төрлийн хүнсээс авч болох ба тэдгээрт самар, жимс, ногоо, буурцаг, шош, вандуй, сэвэг зарам зэрэг багтана.
Цагаан талх, гоймонгоо бүхэл үрийн, бор талх, гоймонгоор солих, хоол хооронд амны зугаа болгон попкорн, алим, самар идэх зэргээр өдөрт хэрэглэх эслэгийнхээ хэмжээг нэмэхийг судлаачид зөвлөж байна.
Эх сурвалж: bbc.com






