
Хятадын Lonvi Biosciences стартап усан үзэмний үрээс гаргаж авсан охь бүхий бэлдмэл нь хүний биед үрэвсэл үүсгэдэг “зомби эсүүд”-ийг хөнөөснөөр хүний амьдралыг уртасгаж, 150 хүртэл наслуулна хэмээн мэдэгджээ.
Шэньжэнд төвтэй тус компанийн хөгшрөлтийн эсрэг бэлдмэлийн найрлагад орж буй гол бодис нь усан үзэмний үрнээс гаргаж авсан Процианидин C1 (PCC1) хэмээх бодис бөгөөд уг бодис нь архаг үрэвсэл үүсгэдэг, хөгшрөлтийг хурдасгадаг хуваагдахаа больсон “зомби эсүүд”-ийг устгадаг гэжээ.
Амьтан дээр хийсэн туршилтаар тус бэлдмэл нь хулганын наслалтыг дунджаар 10 орчим хувиар, зарим тохиолдолд бүр 64 хувиар нэмэгдүүлсэн байна. Lonvi Biosciences компанийн удирдлагууд бүтээсэн бэлдмэл нь хүний биологийн цагийг үндсээр нь өөрчлөх, урт наслалтын шинжлэх ухаанд гарсан томоохон амжилт хэмээн тодорхойлжээ.
Нөгөө талаас хулгана дээр хийсэн туршилтын үр дүн статистикт ач холбогдолтой ч уг бэлдмэлийг клиникийн орчинд хүн дээр туршвал ямар үр нөлөөтэй нь тодорхойгүй, хулгана хүн хоёрын ялгаа асар өндөр гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. БНХАУ-д урт наслалтыг судлах салбар хурдацтай хөгжиж байгаа ч хүний насыг хоёр дахин уртасгах бэлдмэл нь бодитоор батлагдаагүй байгааг эрдэмтэд сануулж байна.
Урт наслалт, амьдралыг уртасгах тухай сэдэв сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон ба өнгөрсөн онд л гэхэд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоорондоо урт наслах боломжуудын тухай, орчин үеийн техник технологийн тусламжтай 150 наслах боломжтой болсон тухай ярилцаж буй нь шууд нэвтрүүлгийн үеэр цацагдаж, олны анхаарлыг татсан билээ.
Эх сурвалж: Hashem Al-Ghaili






