
Монголд жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд 40 гаруй жил тууштайгаар хүчин зүтгэсэн Олон улсын шүүгч, ОУХМ Өвгөнхүүгийн Рагчаадорж энэ улсын аваргын тэмцээнийг дуусгаад шүүгчийн замналаа өндөрлүүлж, зодог тайлж буйгаа зарлав.
Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнагдсан. Уг шагналыг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.
Үүний дараа Монголын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн хамт олон хамтран зүтгэгчдээ хүндэтгэл үзүүлсэн юм.
Түүний хувьд, отгон тэмцээндээ шүүгчээр ажиллаж байгаа хэдий ч цаашид дасгалжуулагчийн болоод спортын зүтгэлтний хувиар олон сайн тамирчдыг бэлтгэх нь гарцаагүй биз ээ. Цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүсье.
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо










