
Америкийн Amazon компани орон тооны цомхотгол өрнүүлж, ирэх долоо хоногоос эхлэн 30 мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөсөн тухай Reuters агентлагт эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн оны 10-р сард тус компани оффисын 14 мянган ажилтнаа цомхотгосон юм.
Энэ удаагийн цомхотголд Amazon Web Services, худалдаа, Prime Video, хүний нөөц зэрэг алба, хэлтсүүдийн ажилтнууд хамрагдана гэж яригдаж байгаа аж.
Өнгөрсөн 10-р сард Amazon компани ажилтнуудаа цомхотгох болсон шалтгаанаа хиймэл оюун ухааны программ хангамж сайжирсантай холбон тайлбарласан аж. Amazon компанийн зүгээс цомхотголд өртсөн ажилтнууддаа илгээсэн захидалдаа одоо үеийн хиймэл оюун ухаан нь хувьсан өөрчлөгдөх өндөр хүчин чадалтай учраас компаниудад инновацыг урд хожид байгаагүй богино хугацаанд нэвтрүүлэхэд тусалж байгааг онцолж байжээ.
2025 оны эхээр тус компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси хиймэл оюун ухааны тусламжтай тус компанийн бүтээмж нэмэгдсэнээр Amazon компанийн оффисын ажилтнуудын тоо аажмаар буурна хэмээн мэдэгдэж байсан билээ.
Томоохон компаниуд зардлаа хэмнэх үүднээс үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг ашиглаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа автоматжуулах явдал улам нэмэгдсээр байгаа билээ.
Amazon компанийн хувьд дэлхий даяар нийт 1.58 сая ажилтантай ба тэдгээрийн дийлэнх хангалтын төвүүд болон агуулахуудад ажилладаг бол цомхотголд өртөх 30 мянган ажилтан нь оффисын ажилтнуудынх нь 10 орчим хувийг төлөөлөх аж.
2022 онд тус компани 27 мянга орчим ажилтнаа цомхотгож байсан бол энэ удаагийн цомхотгол нь тус компанийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй нь болох аж.
Эх сурвалж: Reuters






