
2024 оны 6-р сард 32 болон 16 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн шүүхэд хоёр өдрийн турш болж өндөрлөж дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж цагаатган, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй шүүгдэгч гэх Х.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж цагаатгав.
Ц.Дагвадоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.2.1, 2.5, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 12.5.1 дэх хэсэгт зааснаар найман сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.5.1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3.3.1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8.1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгэж нийт эдлэх ялыг Бүх насаар хорих ялаар тогтоолоо.






