
МҮОХ-ны дэргэд шинэ санаачилга гаргах, олон улсын хэмжээнд хамтран ажиллах, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, эвент зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой 10 гаруй салбар комисс идэвхтэй ажилладаг.
Тэгвэл Тамирчдын комиссын ээлжит хурал “Олимпик хаус”-т болж, Токиогийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяаг даргаар томилжээ. Тус комиссын дарга нь сүүлийн гурван олимпод оролцож, амжилт гаргасан байх заалттай байдаг юм. Улмаар Рио Де Жанейрогийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай ажлаа хүлээлгэн өглөө. Түүний хувьд энэхүү комиссыг 2018 оноос удирдаж, залуу тамирчдын сургалт, цугларалт, форум зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Тамирчдын комиссын зүгээс МҮОХ-ны 70 жилийн ой, ОУОХ-ны ивээл дор болох наадмууд, Азийн олимпын зөвлөлийн наадмуудад оролцох тамирчдад чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах талаар санал солилцож, спортыг сурталчлах нийгэмд чиглэсэн томоохон аян хийх болон спортын салбарын хүний нөөц, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо






