
Дорнод аймагт өнгөрсөн онд 22 хүн амиа хорлосон тухай БОЭТ-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгаас мэдээлэв. Дээрх тохиолдлууд сэтгэцийн эмгэгийн улмаас биш харин сэтгэцийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадахгүй, түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөс шалтгаалсан гэж дүгнэжээ.
Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд буюу хууль цагдаагийн байгууллагад шалгуулах, ажлын байрны дарамт, хүчирхийлэл, эдийн засгийн хараат байх зэрэг тухайн хүн өөрөө шийдэж чадахгүй олон шалтгаан бий гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Сэтгэл хөдлөл, сэтгэцийн тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй үед хүмүүс амиа хорлохыг оролдох эсвэл амиа хорлох замыг сонгодог. Эмэгтэйчүүд амиа хорлох оролдлогыг түлхүү хийдэг бол эрэгтэйчүүд өөрийгөө егүүтгэх тохиолдол их байдаг гэв.
Сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар 24 цагийн турш 1800-2000 утсаар зөвлөгөө өгч ажилладаг учраас иргэд энэ утсаар холбогдож, сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой.






