
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давост болж буй Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр үг хэлэхдээ авиатор загварын нарны шил зүүсэн байсан нь олны анхаарлыг татжээ.
Нийгмийн сүлжээ хэрэглэгчид Э.Макроны зүүсэн толин гадаргуутай хар нүдний шил алдарт жүжигчин Том Крузын “Top Gun” уран сайхны кинонд бүтээсэн дүрийн зүүдэг нарны шилийг санагдуулсан болохыг онцолж, түүний нарны шил зүүсэн дүр төрхийг төрөл бүрийн миймд ашиглаж, нарны шил зүүх болсон шалтгааныг нь янз янзаар таамагласан комментууд бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хүртэл өнгөрсөн лхагва гарагт Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ Э.Макроны шилийг гоё харагдаж байсныг дурдаад авсан байна.
Францын Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгч Э.Макроны нүдний судас гэмтэж, нүдэнд нь цус хурсан, үүн дээр нэмээд тэрээр гадаа үг хэлэх байсан тул нүдээ хамгаалахын тулд нарны шил зүүсэн хэмээн тайлбарлажээ. Францын төрийн тэргүүний зүүсэн нарны шил нь Италийн iVision Tech компанийн Pacific S 01 загварын шил бөгөөд тус брэндийн албан ёсны сайт дээр уг нарны шил нь 659 еврогийн үнэтэй зарагдаж байгаа аж.
iVision Tech брэндийн зүгээс тус нарны шилийг Францын Ерөнхийлөгчид бэлэг болгон илгээсэн ч Э.Макрон бэлгийг үнэгүй авахаас татгалзаж, тус нарны шилийг мөнгийг нь төлөн худалдан авчээ. Францын Ерөнхийлөгчийн ачаар iVision Tech компанийн хувьцааны үнэ 6 хувиар өсөж, тус нарны шилийг худалдан авах хүсэлтэй хүмүүсийн тоо огцом нэмэгдсэнээр iVision Tech компанийн албан ёсны сайт ачааллаа даахаа больж, гацсан болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал Стефано Фулчир онцолжээ.






