
“10 аймгийн дулааны станц” барих төсөл бол Монгол Улсын орон нутгийн эрчим хүчний хараат байдлыг бууруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилготой стратегийн чухал санаачилга байсан.
Гэвч уг төсөл өнөөдөр бодлогын алдаа, гүйцэтгэлийн хариуцлага, институц хоорондын уялдааны сул талыг ил болгосон бодит жишээ болон хувирч байна.
Энэхүү төсөл анх 2008 оноос яригдаж, 2018 онд бодит шийдвэр болж хэрэгжих сууриа тавьсан.
Гэсэн ч Засгийн газар солигдох бүрд төслийн “эзэн” тодорхой бус болж, урт хугацааны хариуцлагын тогтолцоо бүрдээгүй нь өнөөгийн гацааны нэг үндэс гэж үзэхэд хилсдэхгүй.
Төслийн онцлог нь санхүүжилт анхнаасаа тодорхой, бүрэн шийдэгдсэн явдал. БНСУ-ын Экзим банк 148.7 сая ам.долларын санхүүжилтийг 100 хувь хариуцахаар гэрээ байгуулсан нь Монгол Улсын төсөвт ачаалал үүсгэхгүй давуу тал байв.
Гэсэн ч санхүүжилттэй мөртлөө хэрэгжилт гацсан нь асуудал мөнгө бус, удирдлага, гүйцэтгэл, хяналтад байсныг харуулж байна.
Гүйцэтгэгчийн сонголт – хамгийн сул цэг:
Барилга угсралтын гүйцэтгэгчээр шалгарсан БНСУ-ын “Бугсан Инженеринг” компани ковидын хүнд нөхцөлийг давж чадаагүй төдийгүй, гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй нь эцэстээ дампууралд хүргэсэн. Энэ нь зөвхөн тухайн компанийн асуудал бус, сонгон шалгаруулалтын үеийн эрсдэлийн үнэлгээ хангалттай байсан уу, гэрээний хариуцлагын механизм ажилласан уу гэдэг асуултыг давхар тавьж байна.
Олон нийтийн анхаарлыг татдаг нэг асуудал бол 9 сая орчим ам.долларын өртөгтэй зөвлөх үйлчилгээний гэрээг 4–5 удаа сунгасан явдал. Үүнийг шүүмжлэх нь амархан ч бодит байдал дээр барилга угсралтын ажлаас салшгүй уялдаатай, өдөр тутмын хяналт хийх үүрэгтэй үйлчилгээ гэдгийг мартаж болохгүй. Барилга зогссон ч төсөл бүрмөсөн цуцлагдаагүй нөхцөлд зөвлөх үйлчилгээ үргэлжлэх шаардлага бодитойгоор үүссэн юм.
Хэн хариуцлага хүлээх вэ?
Өнөөдөр 9 аймагт эхэлсэн ажлууд дундаа гацаж, орон нутгийн иргэд бодит үр өгөөжийг нь хүртэж чадаагүй хэвээр байна.
Хамгийн ноцтой нь, олон жил ярьсан төсөл “хэнд ч харьяалагдахгүй” мэт байдалд орсон явдал юм. Энэ нөхцөлд зөвхөн нэг гүйцэтгэгч, нэг сайдыг буруутгахаас илүүтэйгээр төрийн төслийн удирдлагын тогтолцоонд системийн дүгнэлт хийх шаардлага тулгарч байна.
Энэ төсөл бүрэн цуцлагдах ёсгүй.
Учир нь эрчим хүчний дэд бүтцийн хэрэгцээ аймаг, орон нутагт хэвээр байгаа төдийгүй, аль хэдийн эхэлсэн ажлуудыг зогсоох нь илүү их алдагдал авчирна. Шинэ гүйцэтгэгч сонгох, гэрээний нөхцөлийг дахин нягтлах, хяналт, хариуцлагын механизмыг ил тод болгох нь гарцаагүй хийх алхам.
Угтаа 10 аймгийн дулааны станцын төсөл бол “мөнгө байхгүйгээс биш, хариуцлагагүйгээс гацдаг” төслийн тод жишээ болж байна. Энэ бол зөвхөн нэг төслийн асуудал бус, Монгол Улсад томоохон бүтээн байгуулалтыг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж, хяналт тавьж ирсний бодит тусгал юм.
Хэрэв энэ төслөөс сургамж авч чадвал дараагийн бүтээн байгуулалтууд ижил хувь тавилан давтахгүй байх боломж бүрдэнэ.






