
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргаллаа.
Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч, Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө баталж хэрэгжүүлэхээр болно.
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, яруу найрагч, орчуулагч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар төрсөн, түүний мэндэлсний 120 жил энэ онд тохиож байна.
Тэрээр 1921 оноос Цэргийн яаманд бичээч, их жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж, хэвлэл, шинжлэх ухаан, соёлын байгууллагад хүчин зүтгэж, 1931 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 онд мөн хүрээлэнд Түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 онд Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан орчин үеийн Монголын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий зохиолч юм.


Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотноо 2025 оны арван хоёрдугаар сарын 17-19-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуягт даалгалаа.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан ажил хэрэгч, амжилттай боллоо. Хуралдаанаар Монгол, Оросын хамтын ажиллагаанд тулгамаж буй цаг үеийн асуудлыг хэлэлцэн, шийдэлд хүрэх, хоёр улсын хооронд төлбөр тооцооны механизмыг даруй бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёлын харилцааг идэвхжүүлэх, харилцааны шинэ боломжуудыг хайх талаар олон түвшинд дэлгэрэнгүй санал солилцож хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой боллоо үзэж байна.






