
НҮБ-ын судалгаагаар манай дэлхий эргэж буцашгүй үр дагаврыг дагуулах “усны дампуурлын эрин үе” буюу усны ноцтой хомсдолын үед ирээд байгаа аж. Афганистаны нийслэл Кабул хот усгүй болох орчин цагийн анхны хот болох төлөвтэй байгаа бол Мексикийн нийслэл Мехико хот гүний усны хомсдолын улмаас жилд дунджаар 50 см-ээр доош сууж, Америкийн баруун өмнөд зүгийн мужуудыг усаар хангадаг Колорадо мөрний ус хурдацтайгаар ширгэж байна.
Усны хомсдолын асуудал зүгээр нэг “усны хямрал” гэж тодорхойлоход хэтэрхий хурц байгааг Water Resources сэтгүүлд нийтлэгдсэн НҮБ-ын тайланд онцолжээ. Усны дампуурал нүүрлээд байгаа энэ үед боломжтой газарт нь нөхцөл байдлыг засаж залруулах, үр дагаврыг нь зөөллөх арга хэмжээ авах нь чухал ч усны хязгаартай хэрэглээ бүхий бодит байдалтайгаа дасан зохицох нь бүр ч илүү чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Усны дампуурлыг энгийнээр тайлбарлавал: Манай дэлхийн усны нөөц бороо, цас зэргийн тусламжтайгаар нөхөгдөж байдаг ч дэлхий авч байгаагаасаа ч илүү ихийг хэрэглэснээс дэлхийн усны нөөц нөхөгдөж амжихгүй байдалд хүрчээ. Үүн дээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэт халалт, ган гачгийн үзэгдэл нэмэгдсэнээр хэдийн багассан усны нөөц хурдацтайгаар ширгэж эхэлжээ.
Үүний үр дүнд гол мөрөн, нуур, намгууд ширгэх, гүний усны түвшин багасах, газар хөрс хагарах, нуралт болон нүх үүсэх, цөлжилт явагдах, хур тунадас багасах, мөсөн голууд хайлах зэрэг үзэгдэл олширчээ. 1990 оноос хойш манай дэлхийн бүх том нууруудын талаас илүү хувь нь ширгэж, гүний усны эх үүсвэрүүдийн 70 хувь нь доройтож, сүүлийн 50 жилд Европын холбооны нийт газар нутагтай тэнцэх хэмжээний намаг балчиг хатаж, 1970 оноос хойш мөсөн голуудын 30 хувь нь хайлжээ. Усны ноцтой хомсдолд ороогүй цөөн хэдэн улсад хог хаягдал, бохирдлоос болж ундны усны хэмжээ багасаж эхлээд байгаа ба удахгүй дэлхийн 4 тэрбум орчим хүн жил бүр багадаа 1 сар усны хомсдолтой нүүр тулах эрсдэлд ороод байна.
Түүнчлэн хэдийн усны нөөц нь хязгаарлагдмал болсон газруудад шинээр барилга бүтээн байгуулалт өрнүүлж буй нь хариуцлагагүй явдал бөгөөд сөрөг үр дагавартайг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Өмнөд Азийн орнуудад газар тариалангийн салбарт гүний ус ихээр ашиглаж, тус бүс нутагт хотжилт хурдацтай явагдаж байгаа нь, мөн Ойрх Дорнод, Хойд Африкийн орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт ойр ойрхон өртөж байгаа зэрэг нь эдгээр бүс нутгийн усны нөөц шавхагдахад нөлөөлжээ.
Үүнтэй холбоотойгоор усны хамгийн өндөр хэрэглээтэй газар тариалангийн салбарт өөрчлөлт шинэчлэл хийх, усыг хязгаартай хэрэглэх, үр дүнтэй услах системийг боловсруулах, AI ашиглаж усны нөөцөд хяналт тавих, бохирдлыг бууруулах, намаг балчигтай газрууд болон гүний усны хамгаалалтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авахыг НҮБ-ын мэргэжилтнүүд уриалжээ.






