
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн өчигдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа талаар та бүхэнд тайлбар өгье.
Нэг хэрэглэгчийг дээд тал нь 2 цагаас илүү цахилгаангүй орхихгүйгээр зохицуулж байгаа бөгөөд одоо нөхцөл байдал нэг цагийн дараагаас хэвийн болох төлөвтэй байна.
2026 оны 1 сарын 20-ны өглөө 06:11 цагт ТЭЦ-4-ийн 8 дугаар зууханд үлээлт гарч, зуухыг зогсоох шаардлага үүссэн. Зуух 500 градусын халуунтай ажиллаж байсан ба хөргөж, 50 градус руу буулгах ажил 4–5 цаг шаардсан. Үүний дараа засварын ажил хийгдэж, 09:46 цагт зуухыг буцаан сүлжээнд залгасан. Энэ хугацаанд ойролцоогоор 100 МВт-ын цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн.
Бүх труба, генератор, зуухнууд нөөц тоноглолгүй ажиллаж байгаа учраас аливаа гэмтэл гарвал тухайн хэмжээгээр хязгаарлалт хийх шаардлага гарч байна.
Хоёр дахь хүндрэл нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад оруулах түүхий нүүрс 42%-ийн чийгшилтэй байсан явдал юм. Конвейероор дамжуулах үед нүүрс хөлдөж, станцын хүчин чадал буурч, 300 МВт-аас 120 МВт болж ажилласан.
Эдгээр хүндрэлээс шалтгаалан өчигдрөөс өнөөдрийг хүртэл нийт 160 МВт-ын хязгаарлалт хийгдсэн бөгөөд нийт 16 багцаар нэг хэрэглэгчийг дээд тал нь 2 цагаас илүү цахилгаангүй орхихгүйгээр зохицуулж байна.
Одоогийн байдлаар нэг цагийн дараагаас цахилгаан хангамж хэвийн болох төлөвтэй байгаа боловч бүх тоноглол нөөцгүй ажиллаж байгаа тул гэмтэл дахин гарах эрсдэлтэй байгаа юм” гэв.






