
Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож буй. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 2026 оны 02 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бямба гарагт шилжүүлэх тогтоол гаргалаа.
Энэ шийдвэрийг гаргахдаа ард иргэдийнхээ санал, амьдрал дээр гардаг бодит асуудлуудыг бодолцож үзсэн байна. Битүүний өдөр ажлын өдөр таарахаар иргэдэд багагүй хүндрэл учирдаг. Ялангуяа сар шинийн золголтоо хөдөө аав ээж, ах дүүс дээрээ очиж хийх гэж байгаа хүмүүс хол замд цаг тулгаж оройтож гарах, яарч хурд хэтрүүлэх зэрэг байдлаас болоод аваар осол гарах эрсдэл нэмэгддэг юм.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Тэрээр “Ажил хийж байгаа хүмүүсдээ Цагаан сарын баяртаа бэлтгэх боломж олгох үүднээс битүүний өдрийг амралтын өдөр болгох шийдвэр гаргалаа. Битүүнд гэрээ цэвэрлэх, идээ шүүсээ бэлтгэхээс эхлээд ажил их байдаг. Тиймээс энэ өдрийг амралтын өдөр болгох нь зүйтэй гэж үзлээ.
Битүүн, арванхоёрдугаар сарын 31, долоодугаар сарын 10 ажлын өдөр байдаг. УИХ эдгээр өдрийг амралтын өдөр болгох хууль батлах гэж байгаа” гэв.






