
“ДЦС-4” ТӨХК-д гарсан гэмтлийн талаар ДЦС-4-ийн ерөнхий инженер Б.Болдбаатарын тодруулгыг хүргэе.
Тэрбээр хэлэхдээ, “ДЦС-4 өнөөдрийн байдлаар 7 турбин, 8 зуухыг бүрэн хүчин чадлаар 73 хоног тасралтгүй ажиллуулж байгаа бөгөөд ямар ч нөөц тоноглолгүйгээр дээд ачааллыг үүрч байна. Зуух бүр цагт 420 тонн уурыг 560 хэмийн халуун, 140 атмосферийн даралтаар үйлдвэрлэдэг. Гэтэл энэ уурын халаагч шугамын гол хэсэгт гэмтэл гарсан.
Одоогоор инженер, техникийн ажилчид гэмтсэн хэсгийг 24 цагийн турш тасралтгүй засварлаж байна. Технологийн дагуу зуухыг бүрэн хөргөсний дараа засвар хийх ёстой ч ард иргэдийг дулаан, цахилгаанаар тасалдуулахгүйн тулд 80 гаруй хэмийн халуун орчинд ажиллаж байна.
Гэмтлийг илрүүлэх нь нарийн ажиллагаа бөгөөд олон мянган шугам хоолойн аль хэсэг гэмтсэнийг тодорхойлж, тусгай ган ба электрод ашиглан мэргэшсэн гагнуурчид засвар хийдэг.
ДЦС-4 нь 43 жилийн түүхтэй ч зуухны бүрэн шинэчлэл хийгдээгүй, зөвхөн элэгдэл ихтэй хэсгүүдийг хэсэгчлэн сольж ирсэн. Иймээс нөөц тоноглолгүй ажиллаж байгаа нь байнгын эрсдэл дагуулж байгаа .
5 тоннын даацтай машинд 7 тонн ачаа ачаад, нөөц дугуйгүйгээр -40 хэмд явахтай адил нөхцөлд ажиллаж байна.
Станцын найдвартай ажиллагааг хангахын тулд нэг шинэ зуух барих шаардлагатай. Уг төслийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн, өртөг нь 90 сая ам.доллар, 1.6 жилийн дотор ашиглалтад орох боломжтой.
Шинэ зуух ашиглалтад орсноор:
-
125 мянган айл дулаанаар,
-
30 мянган айл цахилгаанаар хангагдах,
-
станц нөөц тоноглолтой болж, их засвар хийх боломж бүрдэх юм.
Энэхүү хөрөнгө оруулалтын хүсэлтийг ДЦС-4 2018 оноос хойш тасралтгүй тавьж байгаа ч шийдэгдээгүй байна.
Өнөөдрийн гэмтлийг засахад анх 24 цаг шаардлагатай гэж мэдээлсэн ч бодит нөхцөлд ойролцоогоор 36 цаг шаардагдана. Хэрэв төлөвлөсөн ёсоор ажил урагшилбал маргааш өглөө гэмтлийг бүрэн арилгаж, зуухыг усаар дүүргэж, орой 18 цагийн ачаалалд оруулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.






