
Дэлхийн эдийн засгийн форумын Давосын уулзалт жил бүр “дэлхийн удирдагчид хаашаа харж байна вэ?” гэсэн асуултад хариулт өгдөг.
Харин энэ жилийн Давос нэг зүйлийг илүү тод харууллаа.
- Дэлхий дахин хамтын ажиллагаанаас илүү эрх ашиг, хүчний тэнцвэр, сөргөлдөөний логик руу шилжиж байна.
Энэ өөрчлөлт Монгол шиг жижиг, нээлттэй эдийн засагтай улсад сонголт хийх цаг ирснийг сануулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эргэн ирэлт, түүний тариф, худалдааны шахалт, геополитикийн хурц мэдэгдлүүд Давосын уур амьсгалыг тодорхойлж байна.
- Европын холбоо, АНУ хоорондын үл ойлголцол, Гренланд, Ойрхи Дорнод, Ирантай холбоотой маргаан нь дэлхийн дэг журам улам хуваагдаж, итгэлцэл суларч байгааг илтгэж буй.
Энэ бол зөвхөн том гүрнүүдийн асуудал биш. Томчуудын зөрчил хурцдах тусам жижиг улсуудын эдийн засаг, аюулгүй байдал, хөгжлийн орон зай шахагдаж байна.
Монгол Улс энэ зураглалын хаана нь байна вэ?


Монгол Улс Давосын танхимд гол дүр биш байж болох ч, Давост яригдаж буй асуудлууд Монголын амьдралд аль хэдийн нөлөөлж эхэлсэн гэж хэлж болно. жишээ нь,
- Тариф, худалдааны дайн – түүхий эдийн үнэ савлана
- Геополитикийн тодорхойгүй байдал – хөрөнгө оруулалт хойшилно
- Дэлхийн санхүүгийн болгоомжлол – зээлийн өртөг нэмэгдэнэ
Өөрөөр хэлбэл, Давост өрнөж буй яриа хэлэлцээ, маргаан Улаанбаатарт инфляц, валютын ханш, төсвийн орлого болж бууна.
Альпын нуруунд их гүрнүүд ярьж байна, гэхдээ өөрсдийнхөө эрх ашгийн хүрээнд, хиймэл оюун ухааныг магтаж байна, гэхдээ ажлын байрны эрсдэлийг шийдээгүй, уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярьж байна, гэхдээ хүлэмжийн хийн ялгарал бууруулах бодит алхам дутмаг л байсаар…
Эндээс бид “сайхан ярианд найдах бус, өөрийн бодлого, бэлтгэлтэй бай” гэсэн нэг сургамжийг авах учиртай.
Давост AI бол хамгийн халуун сэдэв болж байна. Харин монголын хувьд энэ бол сонголт биш, зайлшгүй ирэх өөрчлөлт.
Хэрэв Монгол Улс:
– боловсролын тогтолцоогоо шинэчлэхгүй,
– төрийн үйлчилгээг дижиталчлахгүй,
– залуучуудыг технологийн ур чадварт бэлтгэхгүй бол
AI нь хөгжлийн хөшүүрэг бус, нийгмийн ялгааг нэмэгдүүлэгч хүчин болох эрсдэл бидэнд ойрхон байна.
Давосын чуулганд Монгол Улс жил бүр оролцож байдаг. Харин тэнд яригдсан зүйлс Монголд бодит бодлого болж буухгүй л юм бол бид дахиад л дэлхийгээс хоцорно.


Өнөөгийн дэлхийн геополитикийн хуваагдал дунд манай “гуравдагч хөрш” бодлого хангалтгүй боллоо.
Энэ жилийн Давост зарим том удирдагчид оролцсонгүй, зарим улс зориуд бойкот хийж, оролцохгүйгээ мэдэгдсэн.
– Ираны гадаад хэргийн сайд уг дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж зохион байгуулагчид Даваа гарагт мэдэгдэж, Иранд болсон жагсагчдын эсрэг хийсэн аймшигт дарамтын дараа оролцох нь “зөв” биш гэдгийг онцолсон байна. Уг нь Аббас Арагчи мягмар гарагт үг хэлэхээр төлөвлөгдсөн байв.
“Ираны гадаад хэргийн сайд Давост оролцохгүй” гэж Дэлхийн эдийн засгийн форум X-д мэдэгдэв.
“Түүнийг өнгөрсөн намар урьсан ч сүүлийн хэдэн долоо хоногт Иранд энгийн иргэдийн амь нас эрсэдсэн нь Ираны засгийн газрыг энэ жил Давост төлөөлөх нь зөв биш гэсэн үг” гэжээ.
– Газын бүсэд геноцид үйлдсэн хэмээн буруутгагдаж буй Израилийг мөн урьсан байна. Ерөнхийлөгч Исаак Херцог уг арга хэмжээнд Израилийг төлөөлнө.
– Мозамбикийн ерөнхийлөгч Даниел Чапо Давост хийх айлчлалаа цуцалж, улсдаа болсон их хэмжээний үерийн улмаас уулзалтад оролцохгүй. Тэрбээр ням гарагийн орой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “энэ мөчид хамгийн чухал зүйл бол иргэдийнхээ амь насыг аврах явдал” гэж мэдэгджээ.
Давосын эдийн засгийн чуулганы зохион байгуулагчид оролцохоор төлөвлөж буй тоогоо – “3000 орчим салбар дундын удирдагч”, мөн 400 улс төрийн удирдагч, 850 шилдэг компанийн босс, 100 технологийн анхдагчид оролцоно гэсэн.
Гэхдээ геополитикийн галын шугамны төвд байгаа засгийн газар тэнд байхгүй.
– Гренландын маргаан хурцадсан тул Данийн засгийн газрын төлөөлөгчдийг урьсан бөгөөд оролцохгүй байхаар шийдсэн гэж Дэлхийн эдийн засгийн форумын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.
Тэдний шийдвэр нь Трамп Арктикийн арлыг нэгтгэх оролдлогыг эсэргүүцсэн Европын орнуудад шинэ тариф ногдуулахаа зарласнаас хэдхэн хоногийн дараа болсон уулзалт хэр хурцадмал байх магадлалтайг онцолж байна.
– БНХАУ-ын дарга Си Зиньпин Дэлхийн эдийн засгийн чуулганы ирцийн жагсаалтад ороогүй, Бразил, Энэтхэгийн удирдагчид ч мөн ороогүй байна.
Энэ бол дэлхий олон туйлтай биш, харин олон хуваагдалтай болж байгаагийн илрэл гэж судлаачид үзэж байна.
Ийм нөхцөлд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого зөвхөн тунхаглал биш, бодит эдийн засгийн агуулгатай, хөрөнгө оруулалт, технологи, зах зээл рүү холбосон бодлого болж чадсан эсэх нь асуулт хэвээр байна.
Давосын форумыг шүүмжлэх нь амархан. Гэвч тэнд яригдаж буй асуудлыг үл тоох нь эсрэгээрээ илүү аюултай.
Монгол Улс өнөөдөр дэлхийн өөрчлөлтийг дагаж хөвөх үү, эсвэл өөрийн байр сууриа ухаалгаар тодорхойлох уу гэдэг зааг дээр иржээ.
Монгол Улс геополитикийн маргаанд дуугүй дагагч биш, эдийн засгийн хувьд ухаалаг бэлтгэгч байх ёстой.


Давосын эдийн засгийн чуулган дэлхийн ирээдүйг шийддэг газар биш. Гэхдээ дэлхий хаашаа явж байгааг хамгийн тод харуулдаг толь гэж хэлж болно. Тэр толинд харж, бодлогоо засах эсэх нь Монгол Улсын сонголт, тэнд явж байгаа төрийн удирдлагуудын авч ирэх сургамж юм.






