
Мотоспортын Олон улсын хэмжээний мастер, МУГТ Э.Халиунболд бол удам дамжсан тамирчин. Түүний аав нь мотоспортын гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг. Тэрбээр 2008 онд Ази тивийн аварга болж, 2009, 2010 онд дараалан мөнгөн медаль хүртсэн билээ. Энэхүү амжилтаараа 2023 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн юм.
Монголын мотоспортоос аав, хүү гавьяат болсон анхны тохиолдол нь энэ.

Э.Халиунболд нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгөн медальт, Азийн “Enduro” уралдааны хошой мөнгөн медальтай тамирчин юм. Дөрвөн настайгаасаа төмөр хүлгийн жолоо атган тив, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоосоо өргөсөн Э.Халиунболд “Тал нутгаас Дакарт” төслийн багийн гишүүдийнхээ хамтаар Саудын Араб улсыг зорин, “Дакар Ралли-2026” уралдаанд амжилттай оролцоод өчигдөр өглөө (2026.01.20) эх орондоо ирсэн юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу? Юуны өмнө эр зоригийн олимп Дакар раллид амжилт дүүрэн оролцоод ирсэнд нь баяр хүргэе. Аав, ээждээ хандаж сэтгэгдлээ илэрхийлнэ үү?
-Баярлалаа. Мэдээж аав, ээждээ маш их баярлалаа. Энэ спортоор аав маань намайг хичээллүүлж, маш их зүйлийг зааж өгсөн. Миний аав багш, одоо ч гэсэн багш. Тэгээд үргэлж миний багш байдаг. Намайг 4 настайгаас минь мотоцикл унуулж сургасан аавдаа маш их баярлалаа. Одоо 34 дэх жилдээ мотоцикл унаж байна. “Дакар ралли-2026”-д Монгол тамирчдаасаа шинэ босго тогтоосондоо баяртай байна.
-Уралдааны зам элс, хайрга, хад чулуу, даваа гүвээ ихтэй маш хүнд харагдаж байлаа. Уралдааны замд гарандаа бэртэл гэмтэл авсан тэр өдрүүдэд хэрхэн замаа даван туулав?
-Хэдийгээр гар бэртэлтэй байсан ч Саудын Арабын баруун, төв хэсгийн чулуу, хад асгатай маршрутаар хүнд хэцүү зам туулж, уралдааны замаа амжилттай дуусгасандаа баяртай байна. “Тал нутгаас Дакарт” төслийн багийн бидний төлөвлөгөөгөөр сайхан яваад, энэ уралдаанаа сайхан дуусгалаа.
Уралдааны эхний өдөр гарандаа бэртэл авсан. Тэгээд ер нь гарын хавдар буухгүй явсаар байгаад одоо л арай гайгүй болж байгаа. Миний хувьд “Дакар ралли”-гийн бүх зүйл нь 100% шинэ байлаа. Анх удаа энэ том “Дакар ралли”-д уралдаад сайхан уралдаад ирсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмжиж байсан бүх спонсорууд, уралдаан эхлэхээс өндөрлөх хүртэл хамтдаа дэмжиж байсан нийт Монголчууддаа маш их баярлаж байгаа.
-Өөрийн тань хувьд нийт нийлбэр дүнгээр 16-р байр, Ралли-2 төрөлдөө 6-р байр, Rookie class ангилалд 3-р байр эзэлж, “Шилдэг шинэ тамирчин”-ы цом хүртэж, Монголын мотоспортын тамирчдын Дакарт оролцож байсан түүхэнд шинэ хуудас нээлээ?
-Rookie class ангилалд 3-д явж байгаагаа бол хараад, яг хэдэд явж буйгаа хараад л шинээр эрх аваад оролцож байсан хүмүүсээ хараад байлаа. Өрсөлдөгчид маш их байсан. Ингээд энэ төрөлдөө 3-д орсондоо маш их баяртай байгаа. Бидэнд, Монголчуудад илүү боломж бололцоо, нөөц байна гэж харж байгаа.


-Монголын үзэгч, спорт сонирхогчид “туршлага” хэмээх том суурь тамирчинд даацтай түлхэц болж өгдөг гэдгийг харлаа, үзлээ, бахархлаа гэж ярьцгааж буй. энэ тал дээр та өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцана уу?
-Туршлага гэж тамирчин хүнд зайлшгүй байх шаардлагатай юм байна гэж харж, бодож байгаа. Тэгээд илүү их, олон тэмцээн уралдаанд оролцож, тэр хэрээр туршлагаа л нэмэхийг хүсэж байна даа.


-Саудын Араб улс 7 цагийн зөрүүтэй. Цаг агаарын хувьд маш халуун, бүгчим, эсвэл зарим өдөр сэрүүхэн болж байгаа харагдсан?
-Байгаль, цаг агаарын хувьд гэвэл бид нар маш олон төрлийн нөхцөл байдалд уралдсан. Шуургатай, чулуутай, элстэй, элсэн дотроо гэхэд халуун. Тэгээд өглөө орой гээд л зөөлөн, өнгөнөөсөө шалтгаалаад л элс нь хүртэл маш олон янз байсан. Би хэзээ ч явж үзээгүй, элсэн дээр бас явж үзлээ. Бас тэрэн дээр ер нь уралдааны эхний хэсэг бол маш хүнд байсан. Явж үзээгүй учраас хэрхэн, яаж явах учраа эхлээд олохгүй, дараагаас нь арай гайгүй болдог ч юм уу, тийм суралцах юм маш их байлаа. Урьд нь 2 удаа раллид орсон. Энэ уралдаанд дахин суралцах л зүйл маш их байлаа.
Туршлага их хуримтлуулж чадсан. 4 дэх өдрийн элсэн дээр жаахан хүнд байсан. Гарын бэртлээсээ шалтгаалаад жаахан хүнд байсан, тэгээд сэтгэлзүйн хувьд хэзээ дуусах юм болдоо гэсэн нэг бодол толгойд орж ирж байсан. Тэгээд ер нь сэтгэлзүйгээ ингэж болохгүй юм байна гэдэг зүйлийг маш сайн ойлгоод дараагийн бүр хүнд элстэй өдрүүдэд маш гоё гарч сэтгэлзүйгээ гоё өөрөө удирдаад гарч ирсэндээ бас сайхан байгаа.
Ярилцсанд баярлалаа.


Олон аав, ээжийн хөвгүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, бэлтгэл, сургуулилт, техник тактикийг дээд хэмжээнд нь сорьдог “Дакар Ралли” Саудын Араб улсад 14 өдрийн турш болж өндөрлөсөн. Тамирчид нийтдээ 8000 километр замыг туулсан юм.
МУГТ Э.Халиунболдын “Дакар Ралли-2026”-д үзүүлсэн амжилт:
Нийт дүнгээр: МУГТ Э.Халиунболд
- 16 дугаар байр,
Rally 2:
- 6 дугаар байр
Rookie class:
- 3 дугаар байр гэсэн амжилтыг үзүүлэв.
Аав, ээжийн олон хөвгүүдийг эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужил, туршлага, ур чадварыг дээд зэргээр сорьдог авто, мото спортын олимп гэгддэг


“Дакар ралли” уралдаан бол гайхамшиг гэлтэй.
Тэртээ 1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг тус уралдаан энэ удаад Саудын Араб улсад болж буй.
48 дахь удаагийн “Дакар ралли” уралдааны найм дахь өдрийн гараа өчигдөр буюу энэ сарын 12-ны даваа гарагт боллоо. Дэлхийн шилдгүүд хуран цугларч, 14 өдрийн турш 7500 км замыг туулж, хурд хүч тэсвэр хатуужлийн гайхамшгийг харуулдаг мото болон автоспортын хамгийн том олимп бол “Дакар Ралли” юм. “Дакар Ралли 2026” энэ оны нэгдүгээр сарын 3-17-ны хооронд Саудын Арабын Янбу хотод болж байгаа бөгөөд мотоцикл, автомашин, ачааны машин гэсэн төрөлд 130 оролцогчтойгоор болж буй.
Мотоспортын ОУХМ, МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд гэж хэн бэ?
Аавынхаа хичээллэж асан мото спортын замналыг үргэлжлүүлж яваа МУГТ Э.Халинуболд 2019 онд авсан гэмтлийнхээ улмаас спортоос багагүй хугацаанд холдсон. Гэхдээ эргэн өөрийнхөө бүх л амьдрал, цаг хугацаагаа зориулан, аавынхаа залгамж болж яваа түүний хувьд “Дакар Ралли 2026” уралдаанд өрсөлдөх зорилгоор цуврал тэмцээнүүдэд ур чадвар, тэсвэр хатуужил, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ шалгаж, амжилттай оролцож яваа.
Мотоспортын тамирчдын амжилт, ялалтыг өсгөх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нэрийг тэсвэр тэвчээр, хатуужил, эр зоригийн илэрхийлэл болсон “Дакар ралли” уралдаанд дуурсгах зорилгоор санаа сэтгэл нэгдсэн залуус баг болсон.
“Дакар Ралли”-д өрсөлдөх Монголын баг тамирчдын тоог нэмэгдүүлэх, илүү хүчтэйгээр Саудын Араб улсыг зорихыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан зорилгоо болгон ажиллаж байгаа бөгөөд уг төслийн зохицуулагчаар Э.Ууган-Эрдэнэ удирдан ажилласан.


Мотоспортын тамирчин, МУГТ Э.Халиунболдын аав МУГД Ш.Эрдэнэбилэг тэртээ 1980-1996 он хүртэл Мотоспортын түүхэндээ Монгол улсаа тив дэлхий, Олон улс, тивдээ энэ л спортоор гайхуулж явсан түүхтэй. МУГТ Э.Халиунболд бага наснаасаа эхлэн Мотоспортод хөл тавьж, түүний аав хүүгээ дасгалжуулж байлаа. Монгол улсын дунд үеийн Мото спортын олон олон амжилтууд түүнтэй салшгүй холбоотой.


Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар ралли 2026” уралдааны гуравдугаар гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд бичигдсэн билээ. Авто болон мотоспортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тивийн тамирчин эхний тавд бичигдэж байгаагүй юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээрт бичигдсэн анхны монгол тамирчин, анхны ази хүн болсон.












