Хятадын хүн амын тоо 4 дэх жилээ дараалан буурчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Газын зурвасыг удирдах олон улсын “Энхийн зөвлөл”-ийг байгуулахаар төлөвлөөд байгаа ба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгч Д.Трампын удирдах уг зөвлөлийн бүрэлдэхүүнд гишүүнээр орох урилга авчээ.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, “Ерөнхийлөгч В.Путин дипломат шугамуудаар Энхийн зөвлөлд орох урилга авсан нь үнэн. Одоогоор бид ирсэн саналыг нь сайтар судалж үзэж байна. АНУ-ын талаас холбогдож зарим нэг нюансуудыг тодруулж өгнө байх гэж найдаж байна.” гэжээ.
Америкийн засаг захиргаа Газын зурвасын дайн зогссоны дараа тус бүс нутгийг олон улсын Энхийн зөвлөл удирдана гэсэн төлөвлөгөө боловсруулаад байгаа ба уг зөвлөлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр нар багтах нь тодорхой болоод байгаа билээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үүрэгтэй уг зөвлөлийн байнгын гишүүн болохын тулд улс орнууд багадаа 1 тэрбум ам.доллар төлөх ёстой болох аж.
Түүнчлэн Энхийн зөвлөлийн бүрэлдэхүүнд уригдсан орнууд нь уг зөвлөлд ихдээ 3 жил гишүүнчлэх боломжтой ба гишүүнээр элссэн цагаасаа 1 тэрбум ам.долларын хураамж төлсөн орнуудад байнгын гишүүнчлэл олгох аж. Уг гишүүнчлэлийн хураамжийг Энхийн зөвлөл Газын зурвасыг сэргээн босгоход зориулах аж.
Одоогийн байдлаар Д.Трампын удирдах Энхийн зөвлөлд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Канадын Ерөнхий сайд Марк Карни, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нарыг уриад байгаа ба Европыг төлөөлж Европын зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйеныг урьжээ.
Энхийн зөвлөлөөс гадна Цагаан ордон Газын зурвасын гүйцэтгэх удирдлагыг хариуцах Gaza Executive Board зөвлөлийг танилцуулаад байгаа ба үүнд Туркийн Гадаад харилцааны сайд Хакан Фидан, Катарын дипломат Али Тавади зэрэг 8 албан тушаалтан багтсанаас гадна тус зөвлөлийн тэргүүнээр НҮБ-ын Ойрх Дорнодыг хариуцсан тусгай элч асан Николай Младенов ажиллана гэжээ.






