
Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бэкхем, алдарт Spice Girls хамтлагийн гишүүн, загвар зохиогч Виктория Бэкхем нарын хүү Бруклин Пелтц Бэкхем өөрийн Instragram хуудсаараа дамжуулан сүүлийн жилүүдэд яагаад аав, ээж, дүү нартайгаа харилцахаа больсон тухайгаа тайлбарлажээ.
Дэвид, Виктория нар 3 хүү, 1 охинтой юм. Ууган хүү Бруклин 26 настай, дунд хүү Ромео 23 настай, отгон хүү Круз 20 настай ба бага охин Харпер нь 14-тэй билээ. Түүний бичсэнээр аав ээж хоёр нь түүнийг эхнэр Никола Пелтцтэй хуримаа хийхээс өмнө харилцааг нь таслахыг оролдож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд худал мэдээлэл тарааж байсан аж. Бэкхемүүдийн ууган хүү 26 настай Бруклин гэр бүлийнхээ асуудлыг олон нийтэд дэлгэхийг хүсээгүй ч аав, ээж нь болон ээж аавынх нь удирдлага дор ажилладаг хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд худал мэдээлэл түгээсээр байгаа учир өөрийнхөө зүгээс тайлбар хийж, үнэнийг хэлэхээс өөр аргагүйд хүрсэн гэжээ.
Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, эхнэр Никола Пелтц нь түүнийг хянаж, удирддаг гэсэн мэдээллийг няцаажээ. Бруклин Бэкхем 2022 онд Америкийн тэрбумтан Нелсон Пелтцийн охин Никола Пелтцтэй хуримаа хийсэн юм. Бруклин Бекхемийн бичсэнэр Дэвид Бэкхем гэргийн хамт хуримынх нь төлөвлөгөөг нураахыг янз бүрээр оролдож, Виктория Бэкхем хурим болохоос хэдхэн цагийн өмнө сүйт бүсгүйд өөрийн брэндийн хуримын даашинзыг өмсүүлэхээс татгалзсанаас болж Никола Пелтц хэдхэн цагийн дотор өөрт нь таарах хуримын даашинз олох хэрэгтэй болсон гэжээ.
Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Н.Пелтц Виктория Бэкхемийн даашинзыг өмсөхөөс татгалзсан гэж мэдээлж байсан юм. Түүнчлэн Виктория Бэкхем сүйт бүсгүйн хуримын анхны бүжгийг “хулгайлж”, сүйт бүсгүйгээс түрүүлж тайзан дээр гарч ирснээр Бруклин ээжтэйгээ хуримын анхны бүжгийг бүжиглэхэд хүрсэн аж. Тийм ч учраас Бруклин, Никола хоёр хуримын аз жаргалтай дурсамж бүтээхийн тулд 2025 онд дахин хуримласан аж.
Түүнчлэн Бруклин гэр бүлийнхэн нь Николад тогтмол үл хүндлэл үзүүлж ирснийг онцолжээ. Өнгөрсөн оны 5-р сард Дэвид Бэкхемийн 50 насны ойн баяр дээр Бруклин байгаагүй тухайд Бруклин гэргийн хамт аавтайгаа уулзаж, төрсөн өдрийг нь тэмдэглэхээр Лондонд ирсэн ч Дэвид Бэкхем ууган хүүтэйгээ олон зуун зочид уригдсан 50 насны ойн баярт нь ирэхээс нааш уулзахгүй хэмээн мэдэгдсэн аж. Эцэст нь Дэвид Бэкхем хүүтэйгээ уулзахыг зөвшөөрсөн ч уулзахдаа Никола Пелтцгүй ирэх нөхцөл тавьсан нь Бруклины хувьд нүүрэндээ алгадуулсан мэт мэдрэмжийг авсан гэжээ.
Бруклин Бэкхемийн бичсэнээр ээж нь ууган хүүгээ Николагаас салгахын тулд Бруклины өмнө нь найзалж, үерхэж байсан эмэгтэйчүүдийг Бруклин, Никола хоёрын оролцож буй арга хэмжээнд урьдаг байсан нь хосыг маш тухгүй болгодог байсан гэжээ. Эцэст нь Бруклин гэр бүлийнх нь хувьд “Бэкхэм” брэнд хамгийн чухал бөгөөд гэр бүлийнх нь гишүүд нийгмийн сүлжээнд гэр бүлээ хэр их нийтэлж байгаагаас шалтгаалж хайр хүндлэлийг хүлээдэг байсан гэжээ. Тэрээр, “Би насаараа ээж аавын хатуу хяналтад, удирдлага дор байсан. Тийм болоод ч маш их сэтгэл түгшилттэй өссөн. Гэр бүлийнхнээсээ холдсоноор амьдралдаа анх удаа сэтгэл түгшилт гэдэг зүйлийг мартсан.” гэжээ.






