
Нидерланд улс бүх нохойгоо иргэддээ амжилттай үрчлүүлснээр гудамжны нохойгүй болсон дэлхийн анхны орон болж, амьтны эрхийг хамгаалах чиглэлээр олон улсад үлгэр жишээ жишиг тогтоолоо. Тус улс энэхүү үр дүнд хүрэхийн тулд олон жилийн турш тасралтгүй бодлого хэрэгжүүлж, нохой, муур зэрэг тэжээвэр амьтдын тоо толгойг хүмүүнлэг аргаар зохицуулж ирсэн байна.
Нидерландын Засгийн газар эзэнгүй амьтдын асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын хэмжээнд ариутгалын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлж, нохойг олноор нь устгах бус, үржилтийг нь хянах замаар тоо толгойг бууруулжээ. Ингэснээр гудамжинд тэнэж байсан нохдыг хамгаалж, асрамжийн газруудад байршуулан, иргэдэд үрчлүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн аж.
Мөн тус улс амьтны эрхийг хамгаалах хатуу хууль тогтоомжтой. Тэжээвэр амьтанд зүй бус харьцах, нохой муураа гудамжинд хаяхыг хуулиар хатуу хориглодог бөгөөд ийм үйлдэл гаргасан иргэдэд торгууль, хариуцлага тооцдог. Үүнээс гадна амьтны эрхийг хамгаалах чиглэлээр дагнасан тусгай цагдаагийн нэгж ажиллуулж, зөрчил дуудлагад шуурхай хариу өгдөг нь бодлогын хэрэгжилтийг бодитой болгожээ.
Ийнхүү Нидерланд улс төрийн бодлого, хууль эрх зүй, иргэдийн ухамсрыг хослуулсан цогц арга хэмжээний үр дүнд гудамжны нохойгүй болж, амьтантай хүмүүнлэгээр харьцах соёлыг төлөвшүүлж чадсан байна.






