Шатаж буй байшингаас хоёр хүүхдийг аварчээ

Хэрвээ Монгол Улс намартаа ургацаа бүрэн аваад, хавартаа малын гарзгүй өнтэй давчихаж байвал мах, гурилын үнэ тогтвортой байж “нисээд” байдаг инфляцаа тогтоон барих бүрэн боломжтой юм.
Инфляц буюу энгийнээр хэлбэл монголчуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өнөөдрийн байдлаар 7,5%-тай байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
2025 онд инфляц ямар байсан бэ?
- 2025-01 сард 9.6%
- 2025-02 сард 10%
- 2025-06 сард 8.3%
- 2025-07 сард 7.9%
- 2025-09 сард 9.0%
- 2025-10 сард 9.2%
- 2025-11 сард 8.2%
- 2025-12 сард 7.5% байжээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Харин өнөөдөр инфляц харьцангуй буурсан ч Засгийн газар инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг онож чадахгүй байна.
Монголбанк, Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр инфляц өсөхөд гол нөлөөлдөг бараа бүтээгдэхүүн бол мах, гурилын нийлүүлэлт, тэдгээрийн үнийн өсөлт байдаг.
Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй бол инфляц тогтвортой байна

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
“Ойрын хугацаанд инфляцын төлөв байдлыг харвал 2025 оны төгсгөлд 7,5%-тай гарсан ч хамгийн чухал үе бол ирэх хаврын нөхцөл байдлууд байгаа. Энэ үед нийлүүлэлтийн шинж чанартай ч юм уу, аль нэгэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдолтой холбоотойгоор инфляц өрнөхгүй байх нь өөрөө цаашдаа энэ 2026 оны төгсгөл рүү 2027 он руу инфляц буурч Төв банкны зорилтот түвшин рүү ийм тогтворжих бололцоог бүрдүүлнэ.Төв банкны инфляцын зорилт 2026 оны хувьд 6 нэмэх, хасах 2% байгаа бол 2027 онд 5 нэмэх, хасах 2% гэж доошоо буурсан байгаа. Энэ нь УИХ–аас батлагдсан Үндсэн чиглэл дээр одоо байгаа тоо. Энэ зорилтыг Төв банк биелүүлэхийн төлөө мөнгөний бодлогын шийдвэрүүд өнөөдөр гараад явж байгаа гэж хэлж болно”
мах, гурил тогтвортой нийлүүлэгдэх юм бол инфляц тогтвортой байна


Эдийн засагч Н.Энхбаяр:
“Инфляцад гол нөлөөлдөг зүйл бол Монголбанкны өгдөг статистикийн тайлбараар энэ бол хүнсний гаралтай инфляц дийлэнх хувийг эзэлдэг бараг 70% нь. Тэгэхээр манай улсад ХАА–н гаралтай, мах, гурил тогтвортой нийлүүлэгдэх юм бол инфляц тогтвортой байна гэсэн үг. Энэ хэзээ тогтвортой байх вэ гэхээр нэгдүгээрт тариалалт хэвийн, ургацаа хэвийн авах.Хоёрдугаарт өвөлжилт хэвийн байх ёстой. Өнгөрсөн 2025 оны байдлаар малын урьдчилсан тооллогоор 58 сая толгой мал тоологдсон. Энэ бол өмнөх оны өндөр түвшнээсээ бага зэрэг буурсан ч 2024 оноосоо хэвийн өсөлттэй дүн. Энэ оны өвөл их тааламжтай болж байна. Тэгэхээр энэ хавар бол махны нийлүүлэлт хэвийн байх боломжийг олгож байна. Одоо гагцхүү бид нар ХАА–н салбарт бий болж байгаа малчны гар дээр байгаа махыг Улаанбаатар хотод тасралтгүй зөв нийлүүлдэг тогтолцоо хэрэгтэй.Тасралтгүй нийлүүлдэг ийм зөв тогтолцоог бий болгочих юм бол энэ хүнсний гаралтай инфляцаас бид нар цаашдаа айлтгүй болно. Одоо гагцхүү импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ бид нар тасралтгүй хэвийн байх тал дээрээ л илүү сайн анхаарах шаардлагатай болно”
2026 онд инфляцаа 5.6%-д хүргэх төсөөллийг Монгол Улсын Их хурлаас Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд баталсан.
2025 оны 10 сард 9.2 %-д хүрсэн инфляц 2025 оны 12 сард 7.5 %-д буурсан нь төгрөгийн тогтвортой байдал, үнэ өсөлтийн зөөлрөлт зэрэг хүчин зүйлсийн нийлбэр үр дүн юм. Монгол Улсын 2026 онд 5.6%-д барих инфляцын зорилт нь мөнгөний бодлогын тогтвортой байдлыг дэмжиж, иргэдийн худалдан авах чадвар, хөрөнгө оруулалтын итгэлд эерэгээр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
2026 онд инфляцыг 5.6 хувь орчимд барьж чадвал:
- Иргэдийн худалдан авах чадвар хамгаалагдана
- Цалин, тэтгэврийн бодит үнэ цэнэ сайжирна
- Зээл, хадгаламжийн орчин тогтворжино
- Өрхийн санхүүгийн төлөвлөлт илүү итгэлтэй болно
Инфляц нам түвшинд хадгалагдахын тулд:
- Хүнсний нийлүүлэлт
- Импортын үнэ
- Валютын ханш
- Төсвийн сахилга бат зэрэг хүчин зүйл тасралтгүй хяналт шаардсаар байна.






