
Өнгөрсөн онд тэрбумтнуудын хөрөнгө өмнөх жилүүдийнхээс 3 дахин их хурдтай өсөж, түүхэн рекорд тогтоосноор баян ядуугийн ялгаа улам нэмэгдэж, ардчилал ганхах аюулд орсныг ядууралтай тэмцэх Oxfam байгууллага мэдэгджээ. Oxfam байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 2025 онд өмнөх оныхоос 16 хувиар нэмэгдэж, 18.3 их наяд ам.долларт хүрчээ.
Түүнчлэн 2020 оноос тэрбумтнуудын хөрөнгө 81 хувиар нэмэгджээ. Нэг талд баячуудын хөрөнгө хурдацтайгаар өсөж байхад нөгөө талд дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь тогтмол хооллож чадахгүй, дэлхийн нийт хүн амын тал нь ядуу амьдарч байна. Oxfam судалгаагаа гаргахдаа Дэлхийн Тэгш бус байдлын индекс, Forbes сэтгүүлийн жагсаалт зэрэг олон тооны эх сурвалжуудыг ашигласан ба баячуудын хөрөнгө урд хожид байгаагүйгээрээ хурдацтай нэмэгдэж байгаа нь улс төрийн нөлөөтэй салшгүй холбоотой гэжээ.
Энгийн иргэдтэй харьцуулахад тэрбумтнууд улс төрийн албан тушаал хаших магадлал 4000 дахин их байдаг аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа татварыг бууруулж, томоохон компани, корпорацуудыг олон улсын дарамт шахалтаас хамгаалж, монополын хяналт шахалтыг сулруулсан зэрэг нь тэрбумтнуудын хөрөнгө огцом нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэхээс гадна хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниудын зах зээлийн үнэлгээ өссөн явдлыг ч дурдахгүй байж болохгүй юм.
Oxfam байгууллагын Гүйцэтгэх захирал Амитабх Бехар, “Баян ядуугийн ялгаа нэмэгдэхтэй зэрэгцэн улс төрийн хомсдол үүсдэг нь маш аюултай бөгөөд тогтоон барих боломжгүй нөхцөл байдал юм.” хэмээн мэдэгдэж, улс орнуудын засаг захиргаа тэгш бус байдлыг бууруулах төлөвлөгөө баталж, супер баячуудын хөрөнгөд тогтоох татварыг нэмэгдүүлж, баячууд улс төртэй холилддог явдлыг зогсоох, тэр дундаа лобби болон улс төрийн кампанит ажлын санхүүжилтэд хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ авахыг уриалжээ.
Тэрээр улс орнуудыг эрх баригчид элитүүдэд тал засахын тулд иргэдэд үзүүлэх тусламж дэмжлэгээ танах, иргэдийн эрх чөлөөг боомилох зэргээр буруу сонголтууд хийсээр байгаа аж. Түүнээс гадна супер баячууд өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын талаас илүү хувийг нь эзэмшиж байна. Супер баячуудын хөрөнгөөс татвар авдаг цөөхөн хэдэн улс байдаг ба тэдгээрийн нэг нь Норвег улс юм. Бусад улс орнууд одоог хүртэл уг асуудал дээр зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Oxfam байгууллагын тооцоолсноор 2025 онд тэрбумтнуудын хөрөнгө 2.5 их наяд ам.доллароор нэмэгдсэн нь дэлхийн хамгийн ядуу 4.1 тэрбум хүний эзэмшиж буй бүх хөрөнгийг хооронд нь нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээ аж. Түүнчлэн 2025 онд дэлхийн тэрбумтнуудын тоо 3000-г анх удаагаа давж, дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск хөрөнгө нь 500 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болсон юм.






