
Дөрвөн ес эхэлж, нэг л сэтгэл жиндээд байдаг энэ өдрүүдэд ганцаардана гэдэг юутай хэцүү. Яг л ийм өдрүүдэд тэд л надад хань болдог, аль эсвэл тэдний энэ бүлээхэн, энгийн хэдэн үгс дулаацуулдаг байж болох юм. Хүйтэн хотын гудамжаар хөлхөх халуун зүрхтэй хүмүүс ч мөн адил ийм мэдрэмжид автдаг гэдэгт итгэнэм. Иймээс та бүхний зүрхийг бүлээцүүлэх ШҮЛГҮҮДИЙГ толилуулъя
Яруу найрагч Ц.Батбаатар
Гүрэн улсын минь нийслэл уушийн газар олонтой ч
Гүндүүгүй цагаахан хүмүүст тэр нь даанч хамаагүй
Хань нөхөртөө хаягдсан яруу найрагч хаана хонох нь
Хоолтой ундтай л бол хонгорхон бүсгүйд хамаагүй ээ
Хүйтэн өдрийн турш ганцаардсан
Хүн чинь бас дуулж болно биздээ
Хүндлэл болоод доромжлолын дунд ганцаараа
Хүн чинь бас уйлж болно биздээ
Охидын чинь нүдэнд дурлаж явсан минь буруу л юм бол
Огт сайхан юм чамд хаа ч байхгүй гэдгийг хэлье ээ
Дахиад хүн болж төрөхгүйн төлөө
Далдаас харж буй бүхний төлөө
Цус шиг улайран эргэлдэх энэ муу жүнзтэй архинуудыг
Цугааранг нь ууж дуусгаад дараа нь
Харин бүх жүнзийг чинь хага шиднэ ээ… .
Б. Эрдэнэсолонго : Зун шиг…
Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг
Чи яг шөнө шиг
Чиний хаашаа ч харсан гүн харанхуй
Тиймээс одоо болтол чамайг хэн гэдгийг
Би мэдэж чадахгүй байна
Надад туслаач зун аа, шөнө өө
Чи яг зун шиг
Чи ном шиг
Чи
Би чамайг уншихын тулд төрөлхийн сохор
Эсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…
Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулд
Би чамайг өмнөх ширээн дээрээ тавиад
Хамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.
Нүдээрээ биш, яг ч хуруугаараа биш
Түүний дараа төрөх мэдрэмжээ
“Чи яг зун шиг” гэж нэрлээд
Цаасан дээр буулгана.
Л.Өлзийтөгс : Халуун өдрийн шүлэг
Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л …
Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай
Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ
Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц
Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод
Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна
Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос
Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа …
урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л
Яруу найрагч Б.Галсансүх
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал
Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол
Харь гаригийн хүлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл
Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй.
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч тэсэрч байвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татахгүй бол
Улаан шаргал үүрийн туяаг хармаар санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээр бол
Харь гаригийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдэхгүй бол
Хэн нэгний зохиосон диваажин сонирхолгүй санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтмааргүй бол
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил
Намайг хэзээ ч хаана ч гэсэн харж болно
Би байна…
Би байхгүй…






