
Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд Глоб Интернэшнл төвөөс сүүлийн гурван жилийн хугацаанд сэтгүүлчдийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг судалж, жил бүр 384 сэтгүүлчийг хамруулан судалгаа хийж байна. Судалгааны үр дүнгээс харахад сэтгүүлчдийн аюулгүй байдал сайжраагүй, харин ч дордож байгаа нь тодорхой байна.
Тухайлбал, гурван сэтгүүлч тутмын нэг нь шүүх, цагдаагийн байгууллагад дуудагдаж байсан, таван сэтгүүлч тутмын гуравт нь ажлын багаж хэрэгсэлд нь халдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хоёр сэтгүүлч тутмын нэг буюу 50 хувь нь эх сурвалжийн нууц алдагдсан гэж мэдээлжээ. Эдгээр үзүүлэлт нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа хумигдаж, аюулгүй байдлын орчин муудаж байгааг илтгэж байна.
Судалгаагаар сэтгүүлчдийн аюулгүй байдалд хамгийн ихээр халдаж буй этгээдүүд нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, тэр дундаа хууль сахиулах байгууллагын албан хаагчид байгааг тогтоосон. Угтаа бол сэтгүүлчдийг хамгаалах үүрэгтэй эдгээр байгууллагаас дарамт, залхаан цээрлүүлэх хэлбэрээр шалтгаангүйгээр дуудаж, үл тоомсорлох, мэдээлэл өгөхөөс татгалзах явдал түгээмэл байна.
Үүний улмаас сэтгүүлчдийн 67–74 хувь нь шаардлагатай мэдээллийг олж авч чаддаггүй гэж хариулсан байна. Учир нь иргэд өөрсдөө мэдээлэл авах боломж хязгаарлагдмал тул Үндсэн хуулиар баталгаажсан мэдэх эрхээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээр дамжуулан хэрэгжүүлдэг. Иймээс сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэлийн эрх чөлөө, мэргэжлийн үйл ажиллагаа нь өөрөө хамгаалагдах ёстой суурь үнэт зүйл юм.
Мэдээлэл авах эрх нь хүний үндсэн эрх бөгөөд үүнийг зөрчих нь ардчиллаас ухарч буй ноцтой шинж тэмдэг болдог. Гэтэл төрийн болон олон нийтийн албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс зайлсхийх, хэвлэл мэдээллийн байгууллагыг ялгаварлан хандах, сэтгүүлчдийг доромжлох тохиолдол цөөнгүй байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой ёс зүйн зөрчлийн асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэн, сануулах, уучлалт гуйх зэрэг хариуцлага тооцсон жишээ ч бий.
Нөгөө талаас, хүний хувийн мэдээлэл, захидал харилцааны нууц Үндсэн хуулиар хамгаалагддаг. Мессенжер, сошиал сүлжээний чат, зурвас нь захидал харилцааны нууцад хамаарна. Үүнийг зөвшөөрөлгүйгээр задруулах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бөгөөд шүүхээс ял шийтгэл оногдуулсан тохиолдлууд бодитоор гарсан. Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй.
Хэдийгээр “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон ч бусдын нэр төр, алдар хүндийг хамгаалах зохицуулалт иргэний эрх зүйн хүрээнд хэвээрээ байгаа. Тухайлбал, 2021–2024 оны хооронд нэр төр, алдар хүндтэй холбоотой 56 иргэний хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд үүний 50 гаруй хувь нь сэтгүүлчтэй холбоотой маргаан байжээ.
Олон улсын жишгээс харахад доромжлох үйлдлийг эрүүгийн хуулиас хасах хандлага түгээмэл болсон. Энэ нь иргэн хоорондын ёс зүйн асуудалд төр хэт оролцох ёсгүй гэсэн ардчилсан зарчимтай нийцдэг. Харин гүтгэх гэмт хэргийг зарим улс оронд хадгалсаар байгаа ч бодит хэрэгжилт нь маш ховор байдаг.
Хэрэв гүтгэх, доромжлохыг дахин эрүүгийн гэмт хэрэгт тооцвол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, ялангуяа сонгуулийн жилүүдэд хууль, шүүхийг дарамтын хэрэгсэл болгон ашиглах эрсдэл өндөр байна. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ч Монгол Улсад уг асуудлыг эрүүгийн бус, иргэний журмаар шийдвэрлэх, хэрэв эрүүгийн хариуцлага тогтоох бол хорих ял оногдуулахгүй байх зөвлөмжийг удаа дараа өгсөн.
Иймд энэ асуудалд ул суурьтай, олон улсын зөвлөмжид нийцсэн байдлаар хандаж, иргэний журмаар нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй. Эс бөгөөс хууль шүүхийг ашиглан сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх “айдас”-ын орчин бүрэлдэж, үг хэлэх эрх чөлөө бодитоор хумигдах эрсдэлтэй юм” гэв.






