
Сингапур улс 2018 оноос электрон тамхийг хориглосон ч сүүлийн жилүүдэд тус улсын хилээр мансууруулах бодис агуулсан электрон тамхи хууль бусаар оруулж ирэх явдал улам нэмэгджээ.
Сингапурын эрх баригчид электрон тамхины хэрэглээ, хууль бус борлуулалт зэргийг бууруулахын тулд хуулиа улам чангатгасаар байна. Сингапур улсын нутаг дэвсгэр дээр электрон тамхи татаж байгаад эсвэл биедээ электрон тамхитай явж байгаад баригдсан иргэнд шүүхээс хорих ял эсвэл албадан эмчилгээнд хамрагдах ял, эсвэл саваадуулах ял оноодог болжээ.
Сингапур улсын хилээр хууль бусаар орж ирж буй электрон тамхинуудын дийлэнх нь хөрш Малайз улсаас орж ирдэг ба сүүлийн жилүүдэд хууль бус наймаачдын арга нарийсаж, бараагаа унаж буй автомашиныхаа сэлбэг, тоног төхөөрөмж дотор нууж, хилээр нэвтэрдэг болжээ.
Сингапурын хил гаалийнхны хяналт шалгалт ч үүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж, хилээр орж ирж буй автомашинуудыг рентген төхөөрөмжөөр шалгаж, ачаа барааг нь нэг бүрчлэн задалж шалгадаг болсон байна.
Өнгөрсөн 7-р сард Сингапурын эрх баригчид хууль сахиулагчдын хурааж авсан 100 ширхэг электрон тамхийг шинжлэхэд 1/3 нь этомидат бодис агуулсан байжээ.
Үүнтэй холбоотойгоор Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг хууль бусаар электрон тамхи борлуулсан хүмүүст хар тамхи, мансууруулах бодис борлуулсан этгээдүүдэд оногдуулдагтай адил шийтгэл ноогдуулдаг болно хэмээн зарласан билээ.
Өнгөрсөн 9-р сараас эхлэн Сингапурын засгийн газар электрон тамхи татаж байгаад баригдсан этгээдүүдэд албадан эмчилгээнд хамрагдах, 10 000 хүртэлх сингапур долларын торгууль ноогдуулах ял шийтгэл оноодог болсон бол электрон тамхи борлуулж байгаад баригдсан этгээдэд 20 хүртэлх жилээр хорих ял, 15 удаа саваадуулах шийтгэл оноодог болжээ.
Сургуулийн орчинд мөн ялгаагүй электрон тамхи татаж эсвэл биедээ авч яваад баригдсан сурагчдад сургуулиас нь хөөх эсвэл саваадах шийтгэл оногдуулж эхэлжээ.
Сингапур улс даяар электрон тамхиа хаях тусгай хогийн савнуудыг байршуулаад байгаа ба иргэд сайн дураараа электрон тамхиа тэдгээр хогийн саванд хаяснаар шийтгэлээс мултрах боломжтой аж. Түүнчлэн хууль сахиулагчид гудамж талбайд тогтмол эргүүл хийж, автобус болон метроны буудлууд дээр иргэдийн цүнхийг шалгаж эхэлжээ.
Иргэд мөн электрон тамхи татдаг эсвэл татдаг гэж сэжиглэж буй хүнээ тусгай дугаарт залган мэдүүлж болох ба тус дугаар 9 долоо хоногийн дотор 2600 гаруй дуудлага хүлээн авчээ.
Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль журмын дагуу өнгөрсөн 9-р сараас 11-р сарын хооронд Сингапурын эрх баригчид электрон тамхи татсан болон борлуулсан хэргээр 2000 орчим хүнийг баривчилжээ. Мөн тус улсын хилээр орж ирсэн этомидат зэрэг сэтгэц нөлөөт, мэдээгүйжүүлэгч бодис агуулсан электрон тамхинуудын тоо эрс багассан үр дүнг үзүүлжээ.
Сингапураас гадна дэлхийн 46 гаруй улс ямар нэг байдлаар электрон тамхинд хориг тавиад байгаа бол 82 улс электрон тамхины борлуулалтыг зохицуулах хууль журмыг тогтоожээ.
Эдгээр арга хэмжээнүүдийн дийлэнх нь хүүхэд залуусын дундах электрон тамхины хэрэглээг бууруулах зорилготой бөгөөд ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий даяар 13-15 насны 15 сая гаруй хүүхэд электрон тамхи татдаг ба хүүхдүүдийн электрон тамхинд орох магадлал насанд хүрэгчдээс 9 дахин илүү байдаг аж.
Эх сурвалж: BBC





