
Иран даяар 3 дахь долоо хоногоо үргэлжилж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр Ираны хууль сахиулагчид 3000 орчим хүнийг баривчилсан тухай Ираны Tasnim News Agency мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр хууль сахиулагчдын баривчилсан иргэд нь голчлон энгийн иргэдийн аминд хүрсэн, нийтийн өмчийг сүйтгэсэн, Израил улстай ямар нэр байдлаар холбоотой зэрэг хэргээр саатуулагджээ.
Үнийн өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс болж бухимдсан иргэд өнгөрсөн сарын сүүлээр гудамжнаа гарч жагссанаас хойш иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан цар хүрээгээ тэлж, Иран даяар өрнөж байна. Ираны зарим эрх баригчид жагсаал цуглааныг хүчээр тараах нь зөв гэж үзэж байгаа ба The New York Times сонинд бичсэнээр Иран даяар өрнөж буй жагсаал цуглааны үеэр амь үрэгдсэн иргэдийн тоо 3000-д хүрчээ.
Ираны төрийн өмчит мэдээллийн агентлагийн мэдээлснээр Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян эх оронд нь өрнөж буй эсэргүүцлийн жагсаал цуглааныг АНУ болон Израил улсаас зохион байгуулсан хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгджээ.
Цагаан ордны зүгээс Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд үүссэн нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байгаа тухай мэдэгдсэн бол Axios сайт Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Д.Трампаас Израил улс Ираны хариу цохилтод бэлэн болох хүртэл Ираны эсрэг ямар нэг арга хэмжээ авахаа түр азнахыг хүссэн тухай онцолжээ.
Эх сурвалж: NHK World






