
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг хяналтдаа авах төлөвлөгөөг нь эсэргүүцсэн орнуудын импортын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг нэмэгдүүлнэ хэмээн анхааруулжээ.
Тэрээр баасан гарагт Цагаан ордонд эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр ийнхүү мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Трамп ямар үндэслэлээр аль улс орнуудын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг нэмэгдүүлэхээ хэлээгүй ч тэрээр Гринланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг удаа дараа онцолж, тус арлыг ямар нэг аргаар эзэмшилдээ авах болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Данийн Вант Улсын эзэмшилд байдаг Гринланд арал нь Хойд Америк тив болон Арктикийн бүс хоёрын голд байрлах ба уг арлыг хяналтдаа авснаар Вашингтонд пуужингийн цохилтын аюулыг урьдчилан мэдэх, бүс нутаг дахь усан тээврийн хөдөлгөөнийг хянах давуу талуудыг олгох юм.
Үүнээс гадна Гринланд нь ашигт малтмал тэр дундаа газрын ховор металлын их хэмжээний нөөцтэй гэгдэж байгаа юм.
Одоогийн байдлаар Гринланд арал дээр байрлах АНУ-ын Питуффик баазад Америкийн 100 гаруй цэрэг алба хааж байгаа ба Дани улстай хийсэн гэрээний дагуу Вашингтон Гринланд руу хүссэн тооныхоо цэргүүдийг илгээх боломжтой аж.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ эсвэл БНХАУ-ын боломжит цохилтуудаас хамгаалахын тулд АНУ Гринландыг эзэмших ёстой гэж үзэж байгаа юм.
Нөгөө талаас Данийн эрх баригчид АНУ Гринландыг хүчээр эзлэхийг оролдсон тохиолдолд Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО үгүй болно гэдгийг анхааруулаад байгаа юм.
НАТО-гийн гишүүн орон халдлагад өртсөн тохиолдолд бусад гишүүн орнууд нь тус улсыг хамгаалах үүрэгтэй, гэтэл НАТО-гийн гишүүн орнууд өөр хоорондоо дайтах нь ямар үр дагавар дагуулах нь тодорхойгүй байгаа юм.
Европын улс орнуудын хувьд Данийн Вант Улсын байр суурийг дэмжиж, Арктикийн бүс нь НАТО-гийн хувьд чухал ач холбогдолтой учир тус бүсийн аюулгүй байдлыг хамгаалах нь НАТО-гийн үүрэг мөн хэмээн мэдэгдэж, хэд хэдэн улс цөөн тооны цэргүүдээ Гринланд руу илгээгээд байна.
Эх сурвалж: BBC






