
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт дуурийн дуучин Б.Жавхлантөгс оролцлоо.
Түүний яриаг нэмэлт хачир, элдэв чимэггүй та бүхэндээ хүргэж байна.

Намайг Б.Жавхлантөгс гэдэг. Дуурийн дуулаач мэргэжилтэй. Завхан аймгаас гаралтай. Соёл Урлагийн Их Сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.
2015 онд би аймаг, нутгаараа тойроод тоглолт хийсэн. Тэр үедээ бүр шатсан. Яг үнэндээ урлагт, өөртөө, мөрөөдөлдөө шатсан. Тоглолтоор явахдаа хүнээс мөнгө зээлнэ. Тэр мөнгөөрөө тайз, дуу, реклам бүхнээ хийж явсан. Тоглолтоо дуусгаад суухдаа нэг л бодол эргэлдэнэ.
“Одоо энэ мөнгийг яаж төлөх вэ?”


Ялах юм шиг санагдсан. Яг одоо л асуудлаа шийдчих юм шиг.
Гэтэл тэр тоглоом гэдэг чинь асуудлыг биш, хүнийг өөрийг нь иддэг юм байна лээ. Дээрээс нь нэрмээс болоод, өр улам нэмэгдээд явчихсан.
Тэгээд гүн шоконд орсон. Үнэхээр гүн. Өрөнд орж, ууж эхэлсэн. Тэр үеийн өдрүүдийг бодохоор одоо ч нойр хүрдэггүй. Эхнэр маань хүүхдүүдээ аваад явчихсан. Амьдрал яг хар дарсан зүүд шиг үргэлжилсэн жилүүд байсан…


Гэтэл бодит амьдрал дээрээ зээлээс зээлийн хооронд, өр ширний дунд амьдарна.
Нутаг усныхан, ойр дотныхон нь дэмжиж, дуулж өгч байсан хүмүүс нь дэмжихгүй бол үнэхээр хэцүү.
Хичээгээд байх тусам улам уруудаад байгаа юм шиг санагддаг. Харин нэг хэсэг хаяад, тоохгүй байхаар буцаад өсөөд байгаа ч юм шиг.


Гэхдээ арчаатай байя гээд, хичээгээд, хичээгээд энэ байдалдаа гацчихсан юм шиг. Яагаад ч юм гарч чаддаггүй.
Фэйсбүүк дээр ганцаардлаа илэрхийлээд бичихээр “Эр хүн байж гоншигнолоо” гэдэг. Хүмүүс чинь бас хэцүү. Гэхдээ тийм хүмүүст хандаад би нэг л зүйл асуумаар санагддаг.
“Та нар яг миний амьдралыг туулбал яах вэ? Найз нөхдөө олон хүнд тусалж, дэмжиж гаргасан байтал эргээд хэн ч тоохгүй, хэн ч харахгүй бол гомдох уу?”


Тэр халуунд зам дээр зогсоод “Би ер нь насаараа ингэж явахгүй. Хоолойгоо л алчихгүй байж байгаад хэдэн төгрөг олж очоод, уран бүтээлээ хийгээд, нэг гоё босно доо” гэж бодогдоно. Тийм бодол үе үе орж ирээд, дахиад алга болдог.


Төрийн албан хаагчид хэцүү. Ялангуяа тусгай албаныхан бүр хэцүү. Бүгд дарамтад. Фэйсбүүкийг нь шалгана, юу оруулах, юу оруулахгүйг заана. Худлаа байсан ч төрөөс гаргасан мэдээлэл байвал шэйр хий гэдэг. Нэг тийм хар хайрцгийн бодлого ч юм уу, мэдэхгүй юм байдаг юм шиг санагддаг.
Нураалт хийж байхад их тоос бужигнана. Тэр дунд зогсож байхдаа “Би нээрээ юу хийгээд байна аа. Уушги, хоолойгоо л алж байна даа. Яах вэ, насаараа хийхгүй, түр зуур юм” гээд өөрийгөө аргадаад л тэсдэг.


Одоо бол амьдралынхаа хамгийн доод цэг дээр ирчихсэн юм шиг санагддаг.
Амьдралдаа голоор нь буруу явсны л үр дагавар байх. Гэхдээ одооноос өгсөх байх гэж боддог.


Гэхдээ нэг давуу чанар байна. Би архи уудаггүй. Хэрвээ архи уудаг байсан бол аль хэдийнэ бүр дампуурчихсан байх. Хүмүүс ийм байдалд орж байгаад л гутраад архи уудаг байх.
Миний уух хугацаа дуусчихсан. Тийм болохоор гэр бүлдээ, хүүхдүүддээ архи үнэртүүлэхгүй. Эрүүл ухаантай ярьж, эрүүлээр сэтгэдэг. Бусдаар бол үнэхээр арчаагүйтэж л байна.


Би дэлхийн дуучин болно. Яаж ч шалаар унасан, дээшээ инээгээд л босно.






