
Европын 7 улс Дани улсад 2026 оны сүүлээр Гринландад явагдах цэргийн хээрийн томоохон хэмжээний сургуулилтад бэлдэхэд нь туслах зорилгоор Данийн эзэмшилд байгаа Гринланд арал руу цэргүүдээ илгээсэн тухай Данийн Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен мэдэгджээ.
Reuters агентлагийн мэдээлснээр Франц улс хамгийн олон буюу 15 мэргэжилтэн, ХБНГУ 13, Швед улс 3 албан хаагч, Финлянд болон Норвег улс тус бүр 2 албан хаагч, Их Британи болон Нидерланд улс тус бүр 1 албан хаагчаа илгээжээ.
Гринландад даалгавар гүйцэтгэх албан хаагчдын эхний ээлж өнгөрсөн лхагва гарагт агаарын зэвсэгт хүчний онгоцоор Гринландын нийслэл Нуук хотод ирсэн байна. Берлин албан хаагчдынх нь Гринландад гүйцэтгэх даалгавар 3 өдөр үргэлжилнэ хэмээн мэдэгджээ. Бусад улс орнуудын цэргүүд Гринландад хэр удаан байх нь тодорхойгүй байна.
Данийн Батлан хамгаалахын сайд Троэльс Лунд Поульсен Гринланд дахь НАТО-гийн цэргүүдийн тоо цаашид хэдээр нэмэгдэхийг тодорхой хэлж мэдэхгүй байгаа ч Гринланд дахь НАТО-гийн цэргүүдийн тоо нэмэгдэж байгаа нь Арктикийн бүс нутгийн аюулгүй байдал нь зөвхөн Дани улсад төдийгүй НАТО-гийн хувьд ч чухал ач холбогдолтой гэдгийг харуулж байна хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт өнгөрсөн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Европын улс орнууд Гринланд руу цэргүүдээ илгээж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Гринландыг АНУ-ын эзэмшилд авах зорилгод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ.
Европын орнууд цэргүүдээ Гринланд руу илгээсэн явдалд өнгөрсөн лхагва гарагт Дани болон Гринландын эрх баригчид Вашингтонд АНУ-ын төлөөлөлтэй хийсэн уулзалт нөлөөлсөн байх магадлалтай юм. Уулзалтын дараа Данийн эрх баригчид Ерөнхийлөгч Д.Трампыг Гринландыг эзэмшилдээ авах төлөвлөгөөнөөсөө татгалзахыг ятгаж чадаагүй тухай мэдэгдсэн юм.
57 мянга орчим хүн амтай Гринланд арлын байршил нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой тухай Д.Трамп удаа дараа онцолсон билээ. Тэрээр стратегийн давуу тал олгох байршил бүхий тус арлыг ОХУ эсвэл БНХАУ эзэлж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Түүнээс гадна Гринланд нь ухаалаг гар утас, цахилгаан автомашин, цэргийн орчин үеийн техникийг үйлдвэрлэхэд нэн чухал газрын ховор металлаар баялаг юм. Өнөөдрийн байдлаар газрын ховор металлын олборлолтоор БНХАУ дэлхийд тэргүүлж байгаа ба Вашингтон Хятадын газрын ховор металлын хамгийн том импортлогчдын нэг юм. Гринландыг эзэмшилдээ авснаар Вашингтон газрын ховор металлын тал дээр Хятадаас хараат бус болох боломжтой юм.
Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Гринландыг хяналтдаа авах хэд хэдэн хувилбаруудыг судалж байгаагийн дотор арлыг худалдаж авах, хүчээр эзлэн авах зэрэг хувилбарууд багтаж байгаа аж.
М.НАМУУН






