
Контент бүтээгч О.Анхболд өнгөрсөн жилийг үр дүн багатай өнгөрүүлсэндээ дүгнэлт хийж, энэ оноос эхлэн өөрийгөө өөрчлөхөөр шийдсэнээ олон нийтэд хуваалцлаа.
Тэрбээр 2026 оноос эхлэн өдөр бүр дор хаяж нэг хүнд туслах дадлыг хэвшүүлэх зорилго тавьж, уг үйлдлээ сошиал контент хэлбэрээр түгээж эхэлсэн байна.
Түүний хэлснээр, өнөөдрийн сошиал орчинд сөрөг, бухимдал төрүүлэм агуулга хэт олширч, залуус түүнээс сөрөг хандлага авч буй нь ажиглагддаг. Харин үүний эсрэгээр эерэг хандлага, сайн үйлсийг түгээж, залуучуудад бодит үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьж байгаа аж.

О.Анхболд бусдын мэдрэмжийг ойлгож, өөрийнхөөрөө мэдэрч чаддаг гэдгээ ярьсан юм. Гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүсээс эхлээд гудамжинд тааралдсан хүн, өөрийгөө хамгаалах чадваргүй амьтдын нөхцөл байдлыг хараад ч туслах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг гэжээ.
Тэрбээр аав, ээжээсээ санхүүгийн дэмжлэг авахгүйгээр дугуйгаар хүргэлтийн ажил хийж, өдөртөө олсон орлогоо хүн, амьтанд туслахад зарцуулдаг байна.
Нэгэн удаа хүнд мөнгөн тусламж үзүүлэхээр оролдох үед картын гүйлгээ нь амжилтгүй болж, ойр орчмын дэлгүүрийн ажилчдаас тусламж хүсэхэд хүйтэн, үл тоосон хандлагатай тулгарсан нь түүнд гүн сэтгэгдэл үлдээжээ. Энэхүү явдал нь өнөөгийн нийгэмд бие биеэ хайрлах, туслах сэтгэл хомсдож байгааг илүү тод ойлгуулсан байна.
Иймээс тэрбээр хийж буй сайн үйлсээ бичлэг хэлбэрээр баримтжуулан түгээснээр илүү олон хүн урам зориг авч, бодит үйлдэл хийхэд нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлэв.
“Ганцаараа хүнд туслаад өнгөрөх нь мэдээж сайхан. Харин үүнийг олон нийтэд түгээж чадвал илүү олон залуус бусдад тусалж эхэлнэ. Энэ бол эерэг хандлагын нэгэн хөдөлгөөн”


Ярианыхаа төгсгөлд О.Анхболд залуус, дүү нартаа хандан:
“Дүү нар бол бидний ирээдүй. Сайн хүн байж, бие биеэ хайрлаарай” хэмээн уриалж, түүний бичлэгийг үзэж буй хэн бүхэнд талархал илэрхийлсэн юм.






