
АНУ Ойрх Дорнод дахь зэвсэгт хүчний зарим баазуудаасаа цэргүүдээ эргүүлэн татаж эхэлжээ. Энэ нь Ираны эрх баригчид Вашингтон Иранд цохилт үзүүлбэл Тегеран Америкийн зэвсэгт хүчний баазуудад цохилт үзүүлнэ хэмээн мэдэгдсэнтэй холбоотой байж болзошгүй аж.
Reuters агентлагт эх сурвалжуудын мэдээлснээр АНУ Иранд цохилт үзүүлэх нь цаг хугацааны асуудал бөгөөд Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны нэг онцлог нь шийдвэрүүдийг нь урьдчилан тааварлах боломжгүй явдал гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдэж, түүнд маш чухал эх сурвалжуудаас Ираны эрх баригчид эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцогчдын эсрэг хүч ашиглаж, олноор нь цаазлахаа зогсоосон гэсэн мэдээ ирсэн талаар дурджээ.
Европын холбооны албаны хүмүүс АНУ ирэх 24 цагт Иран руу довтолно гэж таамаглаж байгаа бол Тель Авив АНУ Иран руу довтлох нь гарцаагүй ч хэзээ гэдэг нь хараахан шийдэгдээгүй байгааг онцолжээ.
Их Британи улс мөн ялгаагүй Катар дахь агаарын нисэх хүчний баазынхаа албан хаагчдыг эргүүлэн татаж эхэлсэн талаар мэдээ гарчээ.
12-р сарын сүүлээр Ираны нийслэл Тегеран хотоос эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан цар хүрээгээ тэлсээр 3 дахь долоо хоногоо Иран даяар үргэлжилж байна. Ираны албаны хүмүүс эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 2000 гаруй хүн амь үрэгдсэн талаар мэдэгдсэн бол хүний эрхийн төлөөх байгууллагууд амиа алдсан иргэдийн тоо 2600-г давсан гэдгийг анхааруулжээ.
Ираны эрх баригчид улсад нь өрнөж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг АНУ болон Израилын зүгээс өдөөн хатгаж, зохион байгуулсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters






