
АНУ-ын Төрийн департамент энэ сарын 21-нээс АНУ-ын нийгмийн халамжийн тогтолцоонд дарамт ачаалал үүсгэх магадлалтай виз хүсэгчдийн тоог бууруулах зорилгоор АНУ-д цагаачлахыг хүссэн 75 орны виз хүсэгчдийн визийн өргөдлийг боловсруулахаа тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгджээ.
Америкийн Төрийн департаментын зүгээс цагаачлалын виз хүсэгчдийн визийн өргөдөлд хяналт шалгалт хийх үйл явцыг дахин хянах ба энэ хугацаанд АНУ-ын элчин сайдын яамдын ажилчдад цагаачлалын виз олгохоо зогсоохыг үүрэг болгожээ.
2025 оны 11-р сард АНУ-ын Төрийн департамент Америкийн элчин сайдын яамдын ажилчдад АНУ-ын цагаачлалын хуульд заасан “нийгмийн салбар дахь ачаалал”-ын тухай нөхцөл байдлын хүрээнд виз хүсэгчдийн өргөдлийг шинэ журмын дагуу хянаж шалгахыг үүрэг болгосон аж.
Шинэ журмын дагуу элчин сайдын яамдын ажилчид АНУ-ын нийгмийн халамжаас хараат болох магадлалтай, өндөр настай, өвчтэй, илүүдэл жинтэй, англи хэлний мэдлэг муутай, санхүүгийн чадамжгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд удаан хугацаанд хамрагдах магадлалтай, өмнө нь улсаас хөнгөлөлт тэтгэмж авч байсан, хоригдож байсан түүхтэй виз хүсэгчдийн өргөдөлд татгалзсан хариу өгөх үүрэг хүлээжээ.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Томми Пигготтын хэлснээр, “Төрийн департамент эрх үүргийнхээ дагуу АНУ-ын нийгэмд саад дараа болох, Америкийн ард түмний өглөгч байдлыг ашиглах магадлалтай цагаачдыг АНУ-д цагаачлах эрхгүй гэж үзэж байна. АНУ-ын нийгмийн болон засгийн газрын халамж болон тэтгэмжээр амьдрах гэсэн гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхээс сэргийлэх үүднээс Төрийг департамент цагаачлалын виз хүсэгчдийн өргөдлийг шалгах үйл явцыг дахин хянаж дуусах хүртэл нэр дурдагдсан 75 орны иргэдийн цагаачлалын визийн өргөдлийг хүлээн авах үйл явцыг зогсооно.” хэмээн мэдэгджээ.
Вашингтон доорх 75 улс орнуудын иргэдээс цагаачлалын визийн өргөдөл хүлээн авахаа зогсоогоод байна.
- Афганистан
- Албани
- Алжир
- Антигуа ба Барбуда
- Армени
- Азербайжан
- Багамын арлууд
- Бангладеш
- Барбадос
- Беларус
- Белиз
- Бутан
- Босни
- Бразил
- Мьянмар
- Камбож
- Камерун
- Кабо Верде
- Колумб
- Кот-д’Ивуар
- Куб
- Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
- Доминикан
- Египет
- Эритрей
- Этиоп
- Фижи
- Гамби
- Гүрж
- Гана
- Гренада
- Гватемал
- Гвиней
- Гаити
- Иран
- Ирак
- Ямайка
- Йордан
- Казахстан
- Косово
- Кувейт
- Киргизстан
- Лаос
- Ливан
- Либери
- Ливи
- Македон
- Молдав
- Монгол
- Монтенегро
- Марокко
- Непал
- Никарагуа
- Нигери
- Пакистан
- Бүгд Найрамдах Конго Улс
- ОХУ
- Руанда
- Сент-Китс ба Невис
- Сент-Люсия
- Сент Винсент ба Гренадин
- Сенегал
- Сьерра Лион
- Сомали
- Өмнөд Судан
- Судан
- Сири
- Танзани
- Тайланд
- Того
- Тунис
- Уганда
- Уругвай
- Узбекистан
- Йемен






