
2025 онд Японд дампуурлаа зарлаж, хаалга үүдээ барьсан аж ахуйн нэгжүүдийн тоо сүүлийн 12 жилд анх удаа 10 мянгыг давжээ.
Teikoku Databank зээлийн судалгааны компанийн тооцоолсноор 2025 онд Японд 10 261 аж ахуйн нэгж хаалгаа барьжээ.
Энэ нь 2024 оныхоос 3.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Хаалга үүдээ барихад хүрсэн тэдгээр ААН-үүд тус бүр багадаа 10 сая иен буюу 63 мянган ам.долларын өртэй байсан байна.
Японд хаалгаа барьж буй ААН-үүдийн тоо сүүлийн 4 жил тасралтгүй нэмэгдэж байгаа ба 2013 оноос хойш анх удаа 10 мянгыг даваад байна. Аж ахуйн нэгжүүд голчлон түүхий эдийн үнийн өсөлт, хүний нөөцийн хомстол зэрэг шалтгааны улмаас дампуурчээ. Үйлчилгээний салбарт хамгийн олон буюу 2648 аж ахуйн нэгж, худалдааны салбарт 2193 ААН, барилгын салбарт 2021 ААН дампуурлаа зарлажээ.
Дампуурсан ААН-үүдийн тоо өссөн ч тэдгээр ААН-үүдийн өрийн хэмжээ өмнөх оныхоос 30 орчим хувиар буурч, 1.5 их наяд иен буюу 9.5 тэрбум орчим ам.доллартай тэнцжээ. Энэхүү үзүүлэлт нь голчлон жижиг компаниуд олноор дампуурсныг илтгэх аж.
Teikoku Databank компани энэ жил ч ялгаагүй юмны үнийн өсөлт, хүний нөөцийн хомстол зэрэг нь жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байх болно гэж тооцоолж байгаа аж.






