
Сүүлийн дөрвөн жил хөгжмийн ертөнцөөс завсарлага аваад байсан Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх 4-р сараас дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр болсноо зарлажээ.
2019 оноос хойш аялан тоглолт хийгээгүй BTS хамтлагийнхан 2026, 2027 онуудад Лондон, Токио, Мюнхен, Сидней, Лос Анжелес зэрэг дэлхийн 30 гаруй хотод тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.
Тус хамтлаг сүүлд хийсэн аялан тоглолтоороо 246 сая ам.долларын ашиг орлого олж, Английн Лондон хотын Wembley цэнгэлдэхэд тоглолтоо хийсэн анхны к-поп хамтлаг болсон билээ.
Ирэх 4-р сарын эхээр БНСУ-ын Гоян хотын Goyang цэнгэлдэхэд 3 өдөр дараалан тоглолт хийснийхээ дараа BTS хамтлагийнхан Ази, Европ болон Америк тивүүдийг зорих аж.
BTS хамтлагийн албан ёсны сайт дээр 2027 оны болон Япон болон Ойрх Дорнодод болох тоглолтуудын хуваарь удахгүй гарах болно хэмээн бичжээ.
Тоглолтын тасалбарыг тус хамтлагийн фенүүд энэ сарын 22-ноос худалдан авах боломжтой болох аж.
Billboard сэтгүүл энэ удаагийн аялан тоглолтоор BTS хамтлагийнхан болон BigHit/Hybe компани тасалбарын борлуулалт, мерчандайз, цомгийн борлуулалт, стриминг зэргээс 1 тэрбум гаруй ам.долларын ашиг орлого олно гэж тооцоолжээ.
BTS хамтлагийн гишүүд хугацаат цэргийн алба хаасантай холбоотойгоор хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэ уран бүтээл гаргаж, тоглолт хийгээгүйгээс Hybe компанийн ашиг орлого зөвхөн 2024 онд 37.5 хувиар буурчээ.
Эх сурвалж: BBC






