
Сурагч Д.Энхтүвшингийн эмээ Х.Дарь-Эх: Эмээ, өвөөтэйгөө ойр өссөн хүүхэд тусархаг, сайн хүн болдог

Хичээл сургууль амарсан энэ өдрүүдэд нэгдүгээр ангийн сурагч Д.Энхтүвшин өдөр өнжүүлэхэд явж, өдрийг сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүлж байна. Түүний аав замын цагдаа, ээж нь багш мэргэжилтэй тул ажлын цагаар хүү өвөө, эмээтэйгээ хамт байдаг ажээ.
Аав, ээжийгээ ажилд явсан хойгуур Д.Энхтүвшин өвөө, эмээтэйгээ үлдэж, тэдний халамж, анхаарлын дунд өсөн торниж байна. Өвөө, эмээ нь түүнийг эгчтэй нь хамт гитарын сургалт болон өдөр өнжүүлэхэд нь хүргэж өгч, авдаг бөгөөд ач, зээ нарынхаа өдөр тутмын амьдралд идэвхтэй оролцдог байна.
Бяцхан Энхтүвшин гэрийн ажилд ч тун дуртай. Тэрбээр цуйван хийж чаддагаа бахархалтайгаар ярьсан юм. Мөн том болоод үлэг гүрвэлийн яллагч буюу үлэг гүрвэлийг судалж, ялж чаддаг баатар шиг хүн болох мөрөөдөлтэй гэдгээ ч хуваалцлаа.


Харин түүний эмээ Х.Дарь-Эх ахмад настнуудын өнөөгийн амьдрал, тулгамдаж буй асуудлын талаар сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрбээр тэтгэврийн зээл авахад сүүлийн үед ихээхэн хүндрэлтэй болсон бөгөөд банкуудын тавьж буй шаардлага чангарснаас болж олон ахмад цагаан сараа тэмдэглэж чадахгүйд хүрэх вий хэмээн санаа зовж байгаагаа хэлэв.
Мөн тэрбээр “Ач, зээ нараа санахаараа л Бор-Өндөрөөс гараад давхичихдаг” хэмээн инээмсэглэн ярих бөгөөд тэтгэвэрт гараад 20 гаруй жил болсон ч огт зүгээр сууж чадалгүй, хүүхдүүдийнхээ ирээдүйд хувь нэмрээ оруулж, тэднийг өсөж бойжиход нь тусалж явах сайхан байдаг хэмээн онцоллоо.
Ийнхүү эмээ, хүү хоёрын өдөр өнжүүлэхээсээ төөрөн барин, энгийн атлаа дулаан уур амьсгалтайгаар өрнөсөн эерэг, сонирхолтой ярилцлагыг та бүхэн хүлээн авч үзээрэй.
ЗУРАГЛААЧ, ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.МӨНХ-ЭРДЭНЭ
НАЙРУУЛАГЧ, ЭВЛҮҮЛЭГЧ: С.БААСАНДАШ






