
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран даяар өрнөж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан 3 дахь долоо хоногоо үргэлжилж буйтай холбоотойгоор Ирантай худалдаа хийдэг улс орнуудын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг 25 хувиар нэмэгдүүлж буйгаа мэдэгджээ.
Ираны худалдааны хамгийн том түнш улс нь БНХАУ юм. Түүний араас Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Турк болон Энэтхэг улс бичигдэх аж.
АНУ болон АНУ-ын түнш орнуудын Ираны эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүд нь Иран улсын эдийн засагт хүнд туссанаас гадна үүн дээр засгийн газрын буруу бодлого, авлига, хээл хахуул газар авсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Иранд инфляцын түвшин 40 хувийг давж, риалын ханш түүхэн доод хэмжээндээ хүрснээр өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн нь иргэдийг бухимдахад хүргэжээ.
Ираны үндэсний валют риалын ханш суларсныг эсэргүүцсэн захын худалдаачдын жагсаал цуглаан нь Ираны улс төрд өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардсан хөдөлгөөн болж өргөжин, цар хүрээгээ тэлээд байгаа юм.
Хүний эрхийг хамгаалах HRANA байгууллагын мэдээлснээр иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 500 орчим иргэд, цагдаагийн 48 албан хаагч амиа алдаад байгаа аж. Нөгөө талаас амьд үрэгдсэн иргэдийн тоо бодит байдал дээр үүнээс ч өндөр байж болзошгүй байгааг эх сурвалжууд BBC агентлагт мэдээлжээ.
Иран даяар интернэт сүлжээ тасарснаас болж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ираны нутаг дэвсгэрээс мэдээ мэдээлэл хүргэх боломжгүй болоод байгаа аж.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Ираны эрх баригчдад жагсагчдын эсрэг хүч ашиглаж, энгийн иргэдийн амь насанд хүрэх юм бол Вашингтон Иран руу довтолно хэмээн анхааруулаад байгаа ба өнгөрсөн ням гарагт тэрээр Ираны эрх баригчидтай хэлэлцээ хийх болсноо мэдэгдсэн юм.






