
Сүүлийн хэдэн долоо хоногт Хятадын томоохон хотуудад ганцаараа амьдардаг залуусын дунд “Та үхчихсэн үү?” гэсэн хачирхалтай нэртэй аппликейшн алдартай болж, Хятадад хамгийн их татагдсан төлбөртэй аппликейшнүүдийн нэг болжээ.
“Та үхчихсэн үү?” аппликейшний ажиллах зарчим энгийн. Тус аппликейшнийг гар утсандаа суулгасан хэрэглэгч нь хоёр хоног тутамд аппликейшн руугаа орж, амьд байгаагаа бүртгүүлэх ёстой ба хоногоо хэтрүүлбэл аппликейшний зүгээс хэрэглэгчийн өгсөн дугаар луу залгаж, тухайн дугаарын эзэнд танд ямар нэг муу зүйл тохиолдсон байж болзошгүйг мэдээлэх аж.
Судлаачид 2030 он гэхэд БНХАУ-д ганцаараа амьдардаг иргэдийн тоо 200 саяд хүрнэ гэж тооцоолоод байгаа ба “Та үхчихсэн үү?” аппликейшн нь ганц бие оффисын ажилтан, гэрээсээ хол сурч буй оюутан, сэтгэл гутралтайгаа тэмцэж буй хүмүүс, ганцаараа амьдрахаас өөр аргагүй эсвэл ганцаараа амьдрах сонголт хийсэн хүмүүст тохиромжтой аж.
Ганцаараа амьдардаг хүмүүсийн дунд гэртээ ганцаараа байхдаа хэнд ч мэдэгдэлгүйгээр нас барчихвал яах вэ гэсэн айдас байдаг ба дээрх аппликейшн нь уг асуудлыг нь шийдэж өгөх аж.
Нөгөө талаас зарим хүмүүс тус аппликейшний нэр нь хэтэрхий сөрөг утга агуулж байгааг онцолж, “Та зүгээр үү?” эсвэл “Бие тань давгүй юу?” гэх мэт эерэг утгатай асуултаар нэрээ солихыг уриалжээ.
Тус аппликейшнийг эзэмшдэг Moonscape Technologies компани ч иргэдийн шүүмжлэл хүсэлтийг хүлээн авч, аппликейшнийхээ нэрийг солих талаар ярилцаж байгаа аж.
Олон улсад Demumu нэрээр борлуулагдаж тус апп нь АНУ, Сингапур, Хонконгт хамгийн их таталттай төлбөртэй аппликейшнуудын топ 2-т, Австрали, Испанид топ 4-т багтжээ.
Анх үнэгүй байсан тус аппликейшнийг өнөөдөр 8 юаниар худалдан авч татах боломжтой аж.
“Та үхчихсэн үү?” аппликейшнийг зохиосон хүмүүсийн тухай тодорхой мэдээлэл байхгүй ч тус аппликейшнийг Жэньжоу хотод 1995 оноос хойш төрсөн 3 хүн зохиосон гэсэн мэдээлэл гарчээ. Тэдгээрийн нэг нь Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа компанийнхаа 10 хувийг 1 сая юаниар зарж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа тухайгаа мөн өндөр настнуудад тусгайлан зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргах санаа байгаа тухайгаа дурджээ.






