
Ач хүү, өвөө хоёр ярилцаж байна.
-Өвөө, хүүхэд байхдаа та ямар тоглоомоор тоглодог байсан юм?
-Ац модонд резин хөвчилж хийсэн чавх, арьсны өөдсийг хумсын чинээ тугалгатай багласан тэвэг, дэгээ төмөр залуураар түрдэг дугуй…
-Үгүй ээ, падан (iPad) дээрээ юугаар тоглодог байсан юм?
-Өвөөг нь хүүхэд байхад пад байгаагүй юм.
-Айн? Тэгвэл гар утсан дээрээ?
-Гар утас ч байгаагүй.
-Ааййн…
Ач хүүгийн нүд нь дүрлийж, үнэн голоосоо гайхсан, итгэж ядсан харцаар ширтлээ…

Тоглож наадах эрхийг хүүхэд бүр эхээс төрөхдөө л авч төрдөг. Энхрийлэн хайрлуулах, ээж, аавдаа эрхлэх, эрүүл саруул торних, хөлд орж, хэлд орж, өдөр өдрөөр өсөж бойжихоос хүний эрх эхэлдэг. Улмаар амьд явах, аж төрөх, хайрлан дурлах, үр удмаа үлдээх зэрэг жам ёсны болон сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, бүтээн туурвих, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох, төрийн үйлчилгээ, халамж тусламж авах гэх мэт зүй ёсны эрхүүдээр хүний эрх өргөжнө.
Нийгэм хөгжихийн хэрээр хүний эрх ч мөн тасралтгүй хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны эрхээр хүний зарим эрх шинээр бий болдог бол зарим нь шаардлагагүй болж, алгуур замхран арилж байхыг ч үгүйсгэхгүй. Орчин цагт хүний эрхийг нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр үеийн гэж он цаг, хөгжлийн төлөвөөр ангилах нь бий. Дэлхийн хоёрдугаар дайны дараагийн 20 орчим жилд хамаатуулдаг нэгдүгээр үеийн эрхүүдэд хүний жам ёсны шинжтэй, хязгаарлаж үл болох эрхүүдийн зэрэгцээ иргэний болон улс төрийн эрхүүдийг хамааруулдаг бол 1960-1970-аад оны сэргээн босголтын жилүүдэд төрөөс тодорхой нөхцөл бүрдүүлснээр хэрэгжих бололцоотой болдог хөдөлмөрлөх, хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгмийн хамгаалал, ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах зэрэг эрхүүдийг шинээр тодорхойлжээ. Харин 1970-1990-ээд оныг хамруулдаг гуравдугаар үеийн эрхүүдэд хувь хүний хүрээнээс хальсан хамт олны, нийтийн эрх ашиг хамаарах болсон юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг өргөн хүрээтэй хүчин зүйлээс улбаатай нийт хүн төрөлхтний ирээдүй, хойч үеийнхний амьдралыг сайн сайхан болгох тэмүүллээс үүдэлтэй. Хүний эрхийн дөрөв дэх үе 2000-аад оноос эхэлсэн гэж судлаачид үздэг бөгөөд мэдээллийн технологи, цахим орон зай, блокчэйн технологи, нано инженерчлэлийн орчинд хүн өөрийгөө тодорхойлох, адил тэгш, аюулгүй байх зэрэг эрхийн шаардлагууд зүй ёсоор тавигдаж байна.
Энэхүү хөгжлийн зүй тогтлоор таван настай ач хүүд олгогдсон гар утсаар тоглох эрх чөлөө хоёр, гуравдугаар үеийн өвөө, эмээ нарт нь үнэхээр байгаагүй. Эрх, эрх чөлөөний хамаагүй өргөн боломжийн дотор мэндэлсэн ач хүү өвөөгийнхөө хүүхэд үеийг гайхаад барахгүй, итгэж үнэмшихгүй байх нь зүйн хэрэг. Учир нь одоогийн хүүхдүүд Үндсэн хуульд тулгуурлан бусад хууль тогтоомж, олон улсын баримт бичгүүдээр улам нарийвчлан тодорхойлсон олон олон эрхийг эдэлж буй. Эцэг, эхийнхээ хайр халамжийг хүртэхээс эхлээд хүчирхийлэл, дарамт шахалтаас хамгаалуулах, өөртэй нь холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох, эвлэлдэн нэгдэж эрхээ хамгаалах байгууллага байгуулах зэрэг эрхүүдийн зэрэгцээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд тусгагдсан үндсэн эрхүүд бүгд тэдэнд эрх тэгш хамаарна.
Хүний эрхийн тухай үзэл санаа, суурь ойлголтууд нэн эртнээс улбаатай боловч албан ёсоор тодорхойлж, хуульчлан баталгаажуулсан нь саяхны буюу 20 дугаар зууны хэрэг явдал гэж судлаачид үздэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хүний болон иргэний эрхийн үндсэн эх бичвэр болох “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 онд батлах хүртэл Үндсэн хуулиудад ч дорвитой тусаагүй байлаа.
Дэлхий дахин Үндсэн хуулийн 200 гаруй жилийн түүхтэй. Түрүү үеийн буюу АНУ-ын зэрэг анхдагч Үндсэн хуулиуд гагцхүү засаглал, эрх мэдлийг хуваарилахад чиглэж байсан бол XX зууны эхэн үеийн буюу хоёр дахь үеийн Үндсэн хуулиуд нийгэм, эдийн засгийн харилцааны суурь асуудлуудаар баяжсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталснаас хойших шинэ үеийн, ялангуяа 1980-1990-ээд оны Үндсэн хуулиуд төр, нийгмийн оршин байх үндсэн харилцаа буюу хүний эрхийн суурь зарчмуудад тулгуурлах болсон байна.
Эрт үеэс Сириусийн бортого, Вавилоны “Хаммураби”, Бурхан багшийн сургаал, Библи, Коран судар, түүхийн бичээс, засаг зарлигуудад цухас цухсаар дурдагдаж эхэлсэн хүний эрхийн үзэл санаа эртний Грек, Ром, Энэтхэгийн соёлоор дамжин дэлгэрч, улмаар Английн “Магна Харта”, Их Монгол Улсын өмчийн эрхийн хамгаалалт, АНУ-ын Үндсэн хууль, Францын Хүний болон иргэний эрхийн тунхаглал, АНУ-ын “Эрхийн билл” зэргээр хэлбэржин хэрэгжиж, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д зангилагдаад, улмаар ардчилсан, тусгаар тогтносон улс орнуудын Үндсэн хуулиар баталгаажиж байна. Тийм ч учраас Үндсэн хууль бол иргэний баримт бичиг. Төрд ч юм уу, түүний эрх мэдэлд гэхээсээ илүү иргэн хүнд, надад, танд түлхүү хамаарна гэсэн үг.
Монгол Улсын 1992 онд баталсан өнөөгийн Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй үндэсний зөвшилцлийн тунхаг бичиг болсноороо онцлогтой. Өнгөрсөн зуунд бидний дээдэс дөрвөн Үндсэн хууль баталсны эхний гурвыг гаднын нөлөөтэй буюу шууд оролцоотойгоор хийсэн гэж түүхчид нотолдог. Харин дөрөв дэх буюу эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж буй “ардчилсан” Үндсэн хуулийг Монголын ард түмэн зөвхөн өөрсдийн хүсэл зориг, үзэл санаа, итгэл үнэмшлээр бие даан боловсруулсан юм. Өмнөх гурван Үндсэн хууль социалист чиг баримжаатай, засаглалын тоталитар дэглэмийг хуульчилсан, хүн амыг анги, давхаргаар ялгаварласан шинжтэй байсан бол 1992 оны Үндсэн хууль үзэл баримтлал, суурь зарчмаараа ардчиллыг бүрнээ тунхаглаж, хүний ба иргэний эрх, эрх чөлөөг ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн гортигийн төвд байрлуулан тодорхойлж, баталгаажуулснаараа үнэлшгүй юм.


Ач хүү, өвөө хоёр ярилцаж байна.
-Аав, ээж хоёрт ч бас эрх байгаа, тийм ээ, өвөө?
-Байлгүй яахав?
-Дүү, бид хоёрт байгаа юу?
-Байгаа
-Хүүхэд ч гэсэн үү?
-Хүүхэд ч гэсэн хүн шүү дээ. Хүн бүр эрх, эрх чөлөөтэй.
Ач хүүгийн нүдэнд оч гялалзан, нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо…
Д.Энхболдбаатар






