
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Казахстаны парламентын бүлгийн дэд дарга, Х.Жангабыл, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүн С.Зулпхар нар байлцав.
Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, энэ онд Астана хотод зохион байгуулагдах “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс”-ын ээлжит хуралдааны бэлтгэл ажил зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн эртнээс нааш түүх соёл, өв уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн эсгий туургатан Казахстан Улс нь Төв Ази дахь манай анхны “Стратегийн түнш” орон болсонд таатай буйгаа тэмдэглээд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн Казахстаны зах тогтмол зээлд нийлүүлэх чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгохын төлөө харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг талууд хамтдаа эрэлхийлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна хэмээв.
Мөн тэрбээр Казахстанаас импортлох жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан будаа, үрийн буудай зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, сайн чанарын улаан буудайн элит үр, үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үрийг нийлүүлэх чиглэлээрх хамтын ажиллагаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэн хэллээ.

Элчин сайд А.Сейтакынов сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд харилцан айлчлал, арга хэмжээний давтамж өсөн нэмэгдэж байгаад баяртай буйгаа илэрхийлээд Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сард хийх Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих төслийн хүрээнд Казахстаны туршлагаас судлах айлчлалд анхаарч, дэмжин ажиллана гэв.
Мөн Казахстаны талаас ноолуурын салбарт хамтран ажиллах сонирхолтой төдийгүй Монгол Улсад малын вакцины үйлдвэр байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, малын гаралтай өвчин, тархалтыг бууруулах чиглэлээр ажиллах боломжтой байна.
Талууд хөдөө аж ахуй, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх,бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам








