
Аав, ээжийн олон хөвгүүдийг эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужил, туршлага, ур чадварыг дээд зэргээр сорьдог авто, мото спортын олимп гэгддэг
“Дакар ралли” уралдаан бол гайхамшиг гэлтэй.
Тэртээ 1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг тус уралдаан энэ удаад Саудын Араб улсад болж буй.
48 дахь удаагийн “Дакар ралли” уралдааны найм дахь өдрийн гараа өчигдөр буюу энэ сарын 12-ны даваа гарагт боллоо. Дэлхийн шилдгүүд хуран цугларч, 14 өдрийн турш 7500 км замыг туулж, хурд хүч тэсвэр хатуужлийн гайхамшгийг харуулдаг мото болон автоспортын хамгийн том олимп бол “Дакар Ралли” юм. “Дакар Ралли 2026” энэ оны нэгдүгээр сарын 3-17-ны хооронд Саудын Арабын Янбу хотод болж байгаа бөгөөд мотоцикл, автомашин, ачааны машин гэсэн төрөлд 130 оролцогчтойгоор болж буй.
Харин энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас мото спортын ОУХМ, МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд, ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн нар хурд хүч, авхаалж самбаа, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорьж байгаа юм.

МУГТ Э.Халиунболдын хувьд анх удаа Дакарын замд тоосоо өргөж байгаа бол ОУХМ П.Мөрөн хоёр дахь удаагаа тус уралдаанд хүч сорьж байна.


Мотоспортын ОУХМ, МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд гэж хэн бэ?
Аавынхаа хичээллэж асан мото спортын замналыг үргэлжлүүлж яваа МУГТ Э.Халинуболд 2019 онд авсан гэмтлийнхээ улмаас спортоос багагүй хугацаанд холдсон. Гэхдээ эргэн өөрийнхөө бүх л амьдрал, цаг хугацаагаа зориулан, аавынхаа залгамж болж яваа түүний хувьд “Дакар Ралли 2026” уралдаанд өрсөлдөх зорилгоор цуврал тэмцээнүүдэд ур чадвар, тэсвэр хатуужил, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ шалгаж, амжилттай оролцож яваа.
Мото спортын тамирчдын амжилт, ялалтыг өсгөх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нэрийг тэсвэр тэвчээр, хатуужил, эр зоригийн илэрхийлэл болсон “Дакар ралли” уралдаанд дуурсгах зорилгоор санаа сэтгэл нэгдсэн залуус баг болсон.
“Дакар Ралли”-д өрсөлдөх Монголын баг тамирчдын тоог нэмэгдүүлэх, илүү хүчтэйгээр Саудын Араб улсыг зорихыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан зорилгоо болгон ажиллаж байгаа бөгөөд уг төслийн зохицуулагчаар Э.Ууган-Эрдэнэ удирдан ажиллаж буй.


Мото спортын тамирчин бол МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд. Түүний аав МУГД Ш.Эрдэнэбилэг тэртээ 1980-1996 он хүртэл Мотоспортын түүхэндээ Монгол улсаа тив дэлхий, Олон улс, тивдээ энэ л спортоор гайхуулж явсан түүхтэй. МУГТ Э.Халиунболд бага наснаасаа эхлэн Мотоспортод хөл тавьж, түүний аав хүүгээ дасгалжуулж байлаа. Монгол улсын дунд үеийн Мото спортын олон олон амжилтууд түүнтэй салшгүй холбоотой.


Мотоспортын ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн гэж хэн бэ?
Тэгвэл мото спортын ОУХМ П.Мөрөн хоёр дахь удаагаа “Дакар ралли”-д шандсаа сорьж буй.
Өдгөө 28 настай П.Мөрөн нь мотоспортын хоёр дахь үеийн тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. Тэрбээр зургаан настайдаа мотоциклын дөрөөнд анх хөл тавьж, 13 настайгаасаа өнөөг хүртэл энэ спортоор хичээллэж байна.


Эр зоригийн тулаан “Дакар ралли”-д Монгол залуус оролцож байсан мэдээллийг хүргэе
46 жилийн түүхтэй энэхүү уралдаанд Монгол улсаас анхлан гавьяат тамирчин Д.Болдбаатар (нийт 3 удаа), ОУХМ Н.Лхамаа (нийт 5 удаа)нар уралдсан нь 2013 он. Тэд “Дакар ралли”-д хамгийн олон уралдсан монгол тамирчид юм. Түүнээс хойш 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг нар уралдаж байв.
Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5000 км-ын зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт (төрсөн ах дүү) нар UTV оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалжээ. Мөн 2015 онд Ч.Анар мотоциклоосоо буулгүй 72 цаг уралдсан нь онцлох амжилт болох юм.
Түүнчлэн Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар Ралли-2026” уралдааны гурав дахь өдрийн уралдаанд Гавьяат тамирчин Э.Халиунболд оргил амжилтаа үзүүлэв
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 56 минут 33 секундээр нийлбэр дүнгээр 15, Ралли-2 ангилалдаа дөрөвдүгээр байр эзэлсэн нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэж байна. Тэмцээний албан ёсны мэдээлэлд ““BAS World KTM” багийн тамирчин Э.Халиунболд нь “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ 5-д багтсан анхны Ази тамирчин болов.
Дакар уралдаан нь зөвхөн хурдны уралдаан биш, харин тамирчдын тэвчээр, ур чадвар, ухаан, техник тактик, туршлага, нөөцийг сорьдог, мөн байгалийн хүнд нөхцөлд тэсвэрлэх чадамжийг шалгадаг онцгой уралдаан билээ.


Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






