
Ираны парламентын спикер АНУ Иран руу довтолбол Тегеран бүс нутаг дахь АНУ болон Израилын зэвсэгт хүчний объектуудад цохилт үзүүлнэ хэмээн анхааруулсан бол Ираны Ерөнхий прокурор эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцож буй иргэдэд “бурхны дайсан”-д ноогдуулдаг шийтгэл болох цаазын ялыг оноох ёстой хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр Вашингтон Иран улс дотор болон хилийн чанадад тусгай хүмүүсийг бэлдэж, Иран руу санаатайгаар алан хядагчдыг оруулж, тэдгээр нь сүм хийдүүд, худалдааны төв, захуудыг галдан шатаасан аж.
BBC агентлагт эх сурвалжуудын мэдээлснээр Иранд нөхцөл байдал дайн байлдаантай улсад байгаа мэт маш хүнд байгаа аж.
Ираны эрх баригчид интернэт сүлжээг тасалснаас болж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд газар дээрээс сурвалжилга бэлдэж, цацах боломжгүй байгаа ч нийгмийн сүлжээнд Иранд болж буй үйл явцыг харуулсан гэрэл зураг, бичлэгүүд мэр сэр тавигдаад байна.
Нэг бичлэг дээр Тегераны Шүүх эмнэлгийн гадаа ууттай 180 орчим цогцос эгнүүлэн тавьсан байгааг харж болох ба HRANA хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Иран даяар 2 долоо хоног гаруй үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 495 иргэн, хууль сахиулахын 48 албан хаагч амь үрэгдэж, 10 600 хүн баривчлагдаад байгаа аж
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрх баригчид жагсаалд оролцож буй иргэдийн эсрэг хүч ашиглавал Вашингтон Иранд цэргийн ажиллагаа явуулж болзошгүй хэмээн мэдэгдэж байсан бол өнгөрсөн ням гарагт тэрээр Ираны удирдагчидтай утсаар ярилцаж, яриа хэлэлцээ хийхээр тохиролцсоноо илэрхийлжээ.






