
Ираны нийслэл Тегеран хотод эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр багадаа 217 хүн амь үрэгдсэн талаар Time сэтгүүлд эх сурвалжууд мэдээлжээ. Амиа алдсан иргэдийн тоог Ираны нийслэл Тегеран хотын 6 эмнэлгийн бүртгэлийг нэгтгэж гаргасан ба тэдгээрийн дийлэнх нь буудуулж амь насаа алдсан байжээ.
BBC агентлагийн мэдээлж байгаагаар эмнэлгүүд эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр гэмтэж бэртсэн шархадсан иргэдээр дүүрч, ачааллаа дийлэхээ больсон байна.
Ираны хүний эрхийн HRANA байгууллага өнгөрсөн баасан гарагт жагсаал цуглааны үеэр 50 энгийн иргэн, 15 цагдаагийн албан хаагч амиа алдсан тухай мэдээлж байсан бол Hengaw байгууллагаас сүүлийн 2 долоо хоногт Ираны хууль сахиулагчид иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 2000 гаруй хүнийг баривчилсан тухай мэдэгдсэн юм.
Өнгөрсөн сарын сүүлээр нийслэл Тегеран хотод эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан цар хүрээгээ тэлсээр Ираны 31 мужийн 100 гаруй хотод 2 дахь долоо хоногоо үргэлжилж байна. Эдийн засгийн хямрал, эрх баригчдын бодлогод бухимдсан иргэд Ираны удирдагч Али Хаменеиг албан тушаалаасаа бууж, Ираны улс төрд өөрчлөлт шинэчлэл хийхийг шаардаж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрх баригчид жагсагчдын аминд хүрэх юм бол АНУ Иранд зэвсэгт хүчний ажиллагаа явуулна хэмээн мэдэгдээд байгаа бол Ираны удирдагч Али Хаменеи засгийн газрын эсрэг жагсаал хөдөлгөөнд нэгдсэн иргэдийг Америкийн Ерөнхийлөгчийн таалалд нийцэхийг хүссэн “үймээн самуун таригчид” хэмээн тодорхойлж, Тегеран эдгээр үйлдлийг тэвчихгүй гэжээ.
Эх сурвалж: TIME






