
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Венесуэлийн газрын тосны салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Вашингтон ирэх 7 хоногт Венесуэлийн эсрэг тогтоосон хоригуудаа цуцлах тухай дурджээ. Түүнчлэн тэрээр Олон Улсын Валютын сан, Дэлхийн банкны удирдлагуудтай Венесуэлийн асуудлаар уулзахаар төлөвлөөд байгаа аж.
Скотт Бессентын хэлснээр ОУВС-ийн царцаасан Венесуэлийн 5 тэрбум орчим ам.доллартой тэнцэх зээлжих тусгай эрхийг Венесуэлийн эдийн засгийг сэргээхэд ашиглах боломжтой аж.
Вашингтон 2019 онд олон улсын банкнууд болон санхүүгийн байгууллагуудад зөвшөөрөлгүйгээр Венесуэлийн засгийн газартай хамтран ажиллахыг хориглосон юм. 7 хоногийн өмнө Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан юм. Н.Мадурогийн дэглэмийг унагаснаар Вашингтон Венесуэлд улс төрийн тогтвортой байдлыг тогтоож, Америкийн газрын тосны компаниудад Венесуэлд үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж өгөхийг зорьж байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын Сангийн яамны дансанд хадгалагдаж байгаа Венесуэлийн газрын тосны орлогыг хураан авахыг хориглосон тогтоолд гарын үсгээ зуржээ. Түүний хэлснээр Венесуэлийн газрын тосны экспортоос олсон ашиг Венесуэлийн хөгжил цэцэглэлт, энх тайван, тогтвортой байдалд зарцуулагдах ёстой аж.
Венесуэл улс нь 3.59 тэрбум ам.долларын зээлжих тусгай эрхтэй бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар 4.9 тэрбум ам.доллартой тэнцэх аж. ОУВС нь Венесуэл улстай хамтран ажиллаагүй 20 гаруй жил болж байгаа ба тус байгууллага хамгийн сүүлд 2004 онд Венесуэлийн эдийн засгийн үнэлгээг хийж байжээ.
Түүнээс гадна Каракас хамгийн сүүлд 2007 онд Дэлхийн банканд зээлээ төлж дуусгасан ба тухайн үед Н.Мадуро Венесуэл улс Вашингтоноос дахин санхүүжилт авах шаардлагагүй боллоо хэмээн онцолж байжээ.
Эх сурвалж: Reuters






