
Салбарын сайд нь битгий хэл Татварын ерөнхий газрын дарга нь ч мэдээгүй байхад Нийслэлийн татварын газрын дарга нь 9 дүүргийн татварын хэлтсийн дарга нараа дагуулаад Дубай руу аялалд явчихжээ. Энэ мэдээлэл нь ил болсон бөгөөд ажлаас нь чөлөөлөх хэмжээний арга хэмжээ авах чиглэлийг өнөөдөр Ерөнхий сайд өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан:
Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн татварын газрын дарга Татварын ерөнхий газрын дарга дээрээ хүрч ирээд бид нар ингээд явах гэсэн юм аа гээд хүсэлт хэлсэн юм байна. Өнгөрсөн оны өнгөрсөн оны 3, 4 дүгээр улиралд татварын байгууллага, Сангийн яам нэлээн хүнд сорилтто тулсан. Мөн татвар төлөгчид дээр ч гэсэн нэлээн албадлагын арга хэмжээ авч шинэ жилийг давсан. Татвар төлөгчид болон татварын бүх байцаагчид маш сайн хариуцлагатай байсан. Бүх татварын байцаагч нар оны төгсгөлд тухайн жилийнхээ урамшуулал аваагүй.
Гэтэл энэ хэлтсийн дарга нар ямар төлөвлөгөө биелүүлсэн гэж, ямар гавьяа байгуулсан гэж, хаанаасаа ямар урамшуулал аваад явдаг юм бэ гэдэг асуудал яригдана. Албан ёсоор хэлье. Өнөөдөр татварын байгууллагаас ч юм уу эсвэл Төрийн сангаас, Сангийн яамнаас нэг төгрөгийн ч зардал гарч эдгээр хүмүүс гадаадад зугаалаагүй. Мөн Улсын төсөв, төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотой ямар нэг урамшуулал татварын байцаагч нар болон татварын хэлтсийн дарга нарт олгоогүй. Ажлаа таслан зугаалж яваа татварын хэлтсийн дарга нарт чөлөө болон амралт олгоогүй.
Татварын ерөнхий газрын дарга С.Цогтнаран:
Нийслэлийн татварын газраас зохион байгуулсан үйл ажиллагааны хүрээнд зарим албан хаагчид Дубай руу явах талаар надад танилцуулсан. Гэхдээ миний бие үүнийг хүлээж авч, шийдвэр гаргаагүй. Харин Дубай руу явуулахгүй байх талаар үүрэг чиглэл өгсөн. Үүний дараа надад ямар нэгэн байдлаар эргэн мэдээлэл өгөөгүй.
Улмаар өнгөрсөн бямба гаригт Нийслэлийн татварын хэлтсийн дарга болон есөн дүүргийн татварын хэлтсийн дарга нар, дунд шатны татварын газрын удирдлагууд Дубай руу явсан байна.
Өнөөдрийн байдлаар тухайн хүмүүс Монголд ирээгүй байгаа. Энэ амралтын өдрүүдээр ирнэ гэсэн мэдээлэлтэй байна. Даваа гарагаас ажилдаа ирэх байх гэж бодож байна. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэл, дүүргийн татварын газрын дарга нар урьдчилан сануулсаар байтал Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүй, амралтын мэдэгдлээ зуруулаагүйгээр дур мэдэн явсан нөхцөл байдалтай байгаа учраас өнгөрсөн өдрүүдэд ажил тасалсанд тооцно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн албан хаагчдад хариуцлага тооцно.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
Татварын албанд шинэчлэл хийж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, чирэгдэл бага учруулдаг, хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна. Хариуцлагагүй зарим хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж болохгүй.
Иймд Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөл. Мөн шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, зарчимтай, дэг журамтай ажилладаг Татварын албыг бий болгож ажиллаарай.
Эдгээр байр суурийг Засгийн газар болон Татварын ерөнхий газраас илэрхийлж, чиглэл, үүрэг өгсөн байна. Үүний цаана Нийслэлийн төрийн сангийн алба хаагчид уг аялалд хамт явсан тухай мэдээлэл бий. Түүнчлэн ТЕГ-ын дарга Б.Цогтнаран, “төсөв, татварын албанаас эдгээр хүмүүсийн аялалд зориулж нэг ч төгрөг гараагүй. Мөн аялалд явсан хүмүүс өөрсдөөс нь мөнгө гараагүй өөр санхүүжилтээр явсан байх магадлалтай” гэж Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн юм.
Уг аяллыг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар санхүүжүүлсэн байх магадлалтай гэсэн асуудал цахим орчинд яригдаж байгаа бөгөөд энэ талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн албанаас тодруулахад,
“Ийм мэдээлэл гарсныг мэдсэн. Гэхдээ нийслэлийн засаг даргын шийдвэрээр ямар нэг санхүүжилт гаргасан асуудал байхгүй” гэсэн юм.






