
Эр зоригийн олимп “Дакар ралли” уралдааны хамгийн хэцүү үе болох марафон гараа өндөрлөлөө. Марафон нь хоёр гараанаас бүрдэж, нийт 1000 орчим км замыг тамирчид туулсан бөгөөд тамирчид хээрээр хоноглосноороо онцлогтой.
Тав дахь гараанд манай тамирчдаас гавьяат тамирчин Э.Халиунболд нийлбэр дүнгээр 11, “Ралли-2” ангилалдаа тавдугаар байр эзлэв. “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд нийт замаа 4 цаг 23 минут 23 секундэд барианд орсон байна. Тэрбээр барианд орсны дараа “Дажгүй яваад ирлээ. Сүүлийн 50 км-т нэг унасан. Дугуйны асуудалтай хүн их байв. Бага зэрэг язарсаныг эс тооцвол харьцангуй сайн байлаа. Миний хувьд дугуйгаа нэлээд гамналаа. Эхний өдөр унаагүй болохоор бие өвдөлтгүй аятайхан өнгөрүүлсэн шүү. Гар хавантай байгааг эс тооцвол бие маш сайн байна” гэв.

Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нийлбэр дүнгээр 38, Ралли-2 ангилалдаа 28 дугаарт жагсаж байна. Түүний мотоциклд техникийн асуудал үүссэн ч манай тамирчин тэсвэр тэвчээртэйгээр даван туулж, уралдаанаа зогсолтгүй үргэлжлүүлэн, байрлалаа хадгалж барианд орлоо. П.Мөрөн барианд орсныхоо дараа” Ухаан алдатлаа онхолдлоо. Гэхдээ дажгүй байна. Бас шатахууны хойд банк ажиллахаа болиод усны савныхаа соруулаар хойд банкаасаа урд банкруугаа шатахуунаа зөөж хийсний үр дүнд барианд орж чадсан. Дөрөв, тав дахь гараа үнэхээр сонирхолтой байсан шүү. Тусалж дэмжсэн монгол ахан дүүс болон ивээн тэтгэсэн байгууллагууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн ярилаа.


Мотоциклийн төрөлд өчигдөр Аргентиний тамирчин Лусиано Бенавайдес түрүүлсэн бол Чилийн Игнасио Корнео, Австралийн Даниель Сандерс нар удаалсан байна.
Өнөөдрийн гараа Хайль хотоос Эр-Риядын зүг 920 км замыг туулна. Үүнээс уралдааны цаг тооцох 331 км бөгөөд нийт замын 15 хувь нь хатуу шороо, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан байх аж. Өнөөдрийн гарааг дуусгаснаар тамирчид нийт уралдааныхаа 50 хувийг ардаа орхих юм.












